Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Говийн бүсийг төлөөлөн Засаг даргаар ажиллаж байсан гурван ч хүн энэ удаагийн УИХ-д сонгогдсоны нэг нь Ренчинбямбын Сэддорж. Өмнөговь аймгийг 2020-2024 онд удирдаж байсан тэрбээр өмнөх Засаг дарга Н.Наранбаатар болон Дундговийг удирдаж асан Ц.Мөнхбат нартай мөр зэрэгцэн суугаа.
Р.Сэддорж 1997 онд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын I сургуулийг дүүргээд, эдийн засаг, бизнесийн “Хан-Уул” дээд сургуульд элсэн эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжил эзэмшжээ. 2008 онд Удирдлагын академид суралцан нийгмийн ухааны магистр зэрэг хамгаалсан байна. 2009 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд докторын хөтөлбөрт элссэн ч хараахан хамгаалаагүй бололтой. 2012 онд АНУ-ын Сан-Франциско хот, Канзас муж, 2013 онд Австралийн Кьюнслэндийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн нэгэн аж.
Ажлын гараагаа УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Ажнай корпорац”-аас 2002 онд эхэлж, төслийн менежер, маркетингийн албаны даргаар 2006 он хүртэл ажилласан байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бие төлөөлөгч, туслахын албыг ч давхар хашжээ. 2009 оноос мөнөөх гишүүн асан, “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ тодорхой хувийг нь эзэмших болсон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн санхүү, хангамж хариуцсан дэд захирлаар Р.Сэддорж томилогдон жилийн хугацаатай ажилласан байдаг. 2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д төлөөлөгч болж, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдтолоо тэргүүлэгчээр ажилласан нэгэн. 2013 онд Өмнөговь аймгийн Засаг даргын уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болсон ч төд удалгүй “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг хүлээн 2020 он хүргэжээ. Намтраас нь үзвэл яалт ч үгүй “Ажнай корпорац”-ын Д.БатЭрдэнэтэй байнгын холбоотой явж ирж. Тиймдээ ч “Нүүрсний” гэх дуулианд холбогдож, яллагдагчаар татагдсан ч УИХ-ын гишүүн болсноор хэрэг нь сураг алдарсан гэхэд хилсдэхгүй. 2022 оны арванхоёрдугаар сард “Нүүрсний” гэх хэргийг шалгаж эхлээд, АТГ-ынхан мэдээлэл хийхэд орон нутгийн Засаг дарга нараас Р.Сэддоржийг холбогдуулаад буйгаа танилцуулж байв. Улмаар 2023 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нарт шүүхээс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм даг. Тодруулбал, Засаг дарга Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Үүний дотор Р.Сэддоржийг УИХ-ын гишүүн асан, “Ажнай корпорац”-ын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар түүний өмгөөлөгч гомдол гаргаж ч үзсэн. Түүнээс хойш хэрэг шийдэгдэхгүй өдий хүрч, мартагдаад буй билээ.
Р.Сэддорж Өмнөговийн Засаг даргаар ажиллаж байхдаа нутгийнхаа дуучны тоглолтыг төсвийн гурван сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Түүгээр ч зогсохгүй өөрөө аймгийн заан цолтой бөх болохоороо ч тэр үү, үндэсний бөхийн дасгалжуулагч залж аваачин тамирчид, залуусыг хичээллүүлж байсан баримт бий.
Өнөөгийн парламентад тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж буй агаад энэ хооронд Үндэсний их баяр наадмын, УИХ-ын, Улсын бүртгэлийн, Тамхины хяналтын, Цэцийн, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн, Газрын, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бусад нэр бүхий гишүүний хамт санаачлан боловсруулж, өргөн барьсан байна.
Р.Сэддорж хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүнсний үйлдвэрлэл, фермийн аж ахуй, барилгын материал, хүнд даацын машин механизмын тос, тосолгооны материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Галтваань” ХХК-ийг 100, аялал жуулчлалын “Тогоонтөмөр цайз” компанийн 25 хувь, дээр дурдсан “Тавантолгой” ХК-ийн 9000 ширхэг хувьцааг эзэмшдэгээ тусгажээ. Мөн хурдан удмын 23 адуу, өмчилсөн 0.07-1 га хүртэл хэмжээтэй дөрвөн газар, нийтийн дөрвөн орон сууцтай гэсэн байна. Түүний орлого Засаг дарга байхад нь 37.5 сая гаруй төгрөг байсан бол УИХ-ын гишүүн болсноор 129.1 сая болж нэмэгджээ. Гэр бүлийнх нь орлого ч мөн өссөн аж.