Азийн хөгжлийн банк (АХБ) болон Японы JFPR сангийн буцалтгүй тусламжаар “Ерөнхий боловсролын байгалийн ухаан, технологи, инновац, хамтын ажиллагааг дэмжих” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 2030 он хүртэл хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд тус банкны Хүний болон нийгмийн хөгжлийн албаны дэд захирал Аяако Инагаки тэргүүтэй үнэлгээний багийнхан энэ сарын 7-14-нд Монголд ажиллаж байна. Төслийн нээлтийн үеэр Боловсролын яамныхан “Менежментийн циклийн дагуу ерөнхий боловсролын бүх судлагдахуун, тэр дундаа байгалийн ухааны сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн энэ үед төслийг хэрэгжүүлж байгаа нь салбарын хөгжилд бодит дэмжлэг болно” гэдгийг онцлов.
Харин АХБ-ныхан сурагчдын шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх ур чадварыг сайжруулахад онцгойлон анхаарна гэсэн юм. Түүнчлэн багш нарын дижитал болон технологид суурилсан сургалтын арга зүйг боловсронгуй болгох, боловсролын үйл ажиллагаанд хиймэл оюуныг үр ашигтай ашиглах чадавхыг нэмэгдүүлэх, байгалийн ухааны боловсролд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, тогтвортой хөгжлийн асуудлыг түлхүү тусгах замаар сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэхээ амлалаа. Ингэхдээ байгалийн ухаан, технологийн хичээлийг шинэчлэн төлөвлөх, хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах, мөн дөрвөн сургуульд байгалийн ухааны, хоёр сургуульд виртуал жишиг лаборатори байгуулах аж.
О.Оргилох