
Энэ сарын 3-нд HBO Max сувгаар гарсан ABC компанийн шинэ баримтат кинонд насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөг хийсэн, садар самуунд уруу татсан хэрэгт татагдсан Жеффри Эпштейн нь шоронд амиа хорлоогүй харин алуулсан гэсэн үзлийг дэвшүүлжээ.
Кинонд өмгөөлөгч Дэвид Шоэн болон шүүх эмнэлгийн шинжээч Майкл Бадэн нар Эпштейны үхлийн нөхцөл байдлын талаар шинэ баримтууд дэлгэсэн байна.
Өмгөөлөгчийн ярьснаар, Эпштейн нас барахаасаа ердөө есөн хоногийн өмнө амиа хорлох талаар эрс няцааж, шүүх дээр гэм буруугүй гэдгээ нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ гэж шийдэмгийн байжээ.
“Тэрбээр тулаанд бэлэн байсан төдийгүй бүр дараагийн шүүх хурлыг тэсэн ядан хүлээж байсан. Ийм сэтгэл зүйтэй хүн амиа хорлох нь маш бага магадлал” гэж өмгөөлөгч дүгнэжээ.
Илүү үнэмшилтэй нотлох баримтыг задлан шинжилгээнд биечлэн оролцсон шүүх эмнэлгийн шинжээч Майкл Баден гаргажээ. Тэрээр хүзүүн дээрх сорвины хэвтээ хэлбэр, мөн эрүүний завсрын яс болон бамбай булчирхайн мөгөөрсний гурван хугарлыг онцолсон байна. Ийм гэмтэл нь санаатай хүн амины хэрэгт гардаг үзэгдэл гэдгийг шинжээч тэмдэглэв.
Киноны уран бүтээлчид мөн бусад сэжигтэй нөхцөл байдлыг дурджээ. Эпштейний хоригдож байсан өрөөний хонгилын камерыг унтраасан, камерыг хариуцаж байсан хоёр хуяг унтснаар, хонгил гурван цаг орчим ямар ч хяналтгүй байв.
Ажилчин ангийн гэр бүлээс гаралтай физик,математикийн багшаар ажлын гараагаа эхлүүлсэн Эпштейн бусадтай амархан хэл амаа олдог, найрсаг байдлаараа удалгүй банкны салбарт амжилттайгаар хөл тавьсан байв. Удалгүй тэрээр Карибын тэнгисийн хэд хэдэн хувийн арал, Нью-Йорк, Флорида мужуудад үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, тэрбумтан болжээ. Хөрнгөжиж, алдөртөй, нөлөө бүхий хүмүүстэй холбоотой болохын хэрээр тэрбээр өөрийгөө халдашгүй эрхийг баталжуулах зорилгоор янз бүрийн гэмт хэргийн чанартай үйлдлэд оролцож, тэр дундаа насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашиглах хэрэгт холбогдсон.
2019 онд Эпштейнийг насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашиглах, ийм наймаа хийхээр хуйвалдсан хэргээр буруутгажээ. Тэр жилийнхээ наймдугаар сард Эпштейн шоронгийн өрөөндөө өөрийгөө боомилсон байдалтай олдсон байна.
Албан ёсны хувилбараар энэ нь амиа хорлолт байсан гэж үздэг ч олон хүн түүнийг хэтэрхий ихийг мэдэж байсан учраас хөнөөсөн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.