Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн Бөөрийн хөндий гэх газарт уржигдар 10.40 цагт дэгдсэн түймэр Дорнод аймгийн Матад сумын Баян-Өндөр баг болон хилийн бүс орчимд тархаад байна. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр “Энэ сарын 13-ны 10.40 цаг орчимд Эрдэнэцагаан сумаас хойш таван км-т хээрийн түймэр гарсан дуудлагыг хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас хоёр бүлэг ажиллуулсан. Тухайн өдөр 30 хэмийн халуун, хүчтэй салхитай байсан тул түймэр маш богино хугацаанд тархсан. Түймэр хилийн бүс рүү чиглэж, салхины чиг баруун тийш эргэсэн тул хүн хүчээ тийш нь төвлөрүүллээ. Мөн тус сумын Бадрах багт хээрийн түймэр дэгдсэнийг унтраахаар ажиллаж байна” гэв. Түймрийг нутгийн гүн рүү оруулахгүйн тулд онцгой байдлын алба хаагчид хоёр талаас нь шахаж унтраасан ч хил орчмын бүсэд тархсан гал ассаар байгаа аж. Өчигдөр 17.00 цагийн түймрийг унтраагаагүй байв. Түймрийн голомтод Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангиуд, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилчид, нутгийн иргэд зэрэг 200 гаруй хүн, 30 гаруй автомашинтайгаар ажиллаж байна.
Ч.Цэлмэг