Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар шалгасан. Нийт долоон жил шалгасны дараа хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж үзээд хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Хүмүүс намайг хэрэг үйлдээд гараад явчихсан, одоо буцаж ирж байгаа юм шиг ойлголттой байдаг юм шиг ээ. Намайг долоон жил хангалттай шалгасан.
Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүстэй холбоотой асуудлаар хууль хяналтынхан асуух, шалгах нь нээлттэй байх нь зөв гэж боддог. Би одоогоор 10 гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Өнөөдөр нээлтээ хийж байгаа COP-ын үйл ажиллагаатай холбоотой миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөлөл ирсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөөс улс төрийн муухай гүтгэлэг, миний нэрийг ашигласан үйл ажиллагаанууд их явсан байдаг. Тэр үеэр зохиомол хэрэг шүүхэд өгч, Интерпол руу миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь шалгаад улс төрийн шалтгаантай гэж дүгнээд, манай хууль сахиулах байгууллагаас өгсөн хүсэлтийг хүчингүй болгосон. Олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг нь би. АТГ-аас утсаар “Та нэг ирээч” гэсний дагуу ирээд байна. Иймд асуух зүйлд нь хариулт өгөхөөр ирлээ. АТГ-аас ямар асуудлаар мэдээлэл авахаа хэлээгүй” гэх мэдээллийг өглөө.