“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн барилгын 35.5 хувь нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, ердийн галлагаатай уурын зуух ашиглаж байна. 2026 онд төлөвлөгдсөн 418.2 тэрбум төгрөгийн тогтмол зардлын 325.1 тэрбум нь энэ төрлийн зардалд ногдож буй. Тиймээс “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загварыг 2026-2030 онд үе шаттайгаар хөгжүүлж, нэвтрүүлнэ” гэв. Үүний анхдагч нь Чингэлтэй дүүрэг дэх 149 дүгээр сургууль болж буй аж.
Тодруулбал, тус сургуульд нарны эрчим хүч ашиглах төсөл хэрэгжүүлэхээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Мейк Валью” ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. “Ногоон” сургуулийг есдүгээр сарын 1-нд нээх бөгөөд нарны панель болон батарей хуримтлуурын систем хослуулан суурилуулах юм байна. Ингэснээр цахилгаан тасалдах үед ч сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэжлэх нь. Мөн нүүрсээр ажилладаг цахилгаан станцын ачааллыг бууруулж, сургуулийн орчинд агаарт дэгдэх нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах чухал ач холбогдолтой. Дээрх сургуулийн цахилгааны зардалд жилд 50 гаруй сая төгрөгийг дүүргийн төсвөөс гаргадаг байжээ. Түүнчлэн өнгөрсөн онд “Нартай сургууль” төслийн хүрээнд нийслэлийн 49 дүгээр сургуулийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлсэн. Мөн энэ сарын 17-нд ерөнхий боловсролын 61 дүгээр сургуульд 40 кВтын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт/ цагийн багтаамжтай батарей хосолсон систем суурилуулжээ. Ташрамд, Засгийн газраас 100 сургуулийг ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй болгохсанхүүжилтыг 2027 оны улсын төсөвт суулгахаар шийдвэрлэв.
Ч.Туяа