Монголын театр, урлагийн байгууллагууд Торгоны замын олон улсын театрын холбооны гишүүн 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах үүд хаалга нээгдлээ. Үүний хүрээнд Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг тус холбооны удирдлагуудтай уулзаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна. Талууд уулзалтаар хамтарсан бүтээл туурвих, аялан тоглолт зохион байгуулах, найруулагч, жүжигчин болон бусад уран бүтээлчийн мэргэжлийн солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн театрын менежмент, маркетинг, тайзны технологийн чиглэлээр харилцан туршлага судлах, Монголын уран бүтээлчдийг олон улсын наадам, фестивальд тогтмол оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон аж.
БНХАУ-ын “China arts and entertainment group”-ийн санаачилгаар 2016 онд байгуулсан Торгоны замын олон улсын театрын холбоо нь тайзны урлагийн байгууллагуудыг холбосон томоохон сүлжээ юм. Анх 21 орны 56 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус холбоо өдгөө Ази, Европ, Хойд болон Латин Америк, Африкийн 48 улс, бүс нутгийн 188 театр, урлагийн байгууллагыг эгнээндээ нэгтгээд буй юм.
Э.Сүйлэн