Монгол Улсад төлөх ёстой татвараас зайлсхийж, татварын байцаагчид хахууль өгсөн “Хун Лиан” компанийн захирал Вэй Хун Ван нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцэхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр хадам ах Хан Рун Пин, манай улсын иргэн А.Мэндбат нартай хамтран 2008-2011 онд БНХАУ-аас өөрийн компанийн нэр дээр 3645 мотоцикль, 3251 ширхэг сэлбэг, Монгол Улсын гурван иргэний нэрээр 8177 мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирэн борлуулахдаа компанийнхаа ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй 485.7 сая төгрөгийн албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн юм. Мөн татвараас зайлсхийсэн үйлдлээ нуун дарагдуулахын тулд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нанжидсүрэнд 2010 оны арваннэгдүгээр сард 1.5 сая төгрөгийн хахууль өгсөн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх 2014 оны гуравдугаар сарын 14-нд дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Вэй Хун Ван, Хан Рун Пин нарыг бүлэглэн, давтан үйлдлээр татвараас зайлсхийж онц их хэмжээний хохирол учруулсан, Д.Нанжидсүрэнг хээл хахууль авсан, Вэй Хун Ванг хээл хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцжээ. Ингээд Вэй Хун Ванд зургаан жил зургаан сар, Хан Рун Пинд таван жил нэг сар, Д.Нанжидсүрэнд төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сар хорих ял ногдуулсан. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүх дээрх ялыг хэвээр баталсан бол Улсын Дээд шүүхээс ч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.