Монголын анхны төрт улс болох Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ. Тодруулбал, БНСУ-ын Пусан хотноо энэ сарын 19- 29-нд болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы үеэр уг шийдвэрийг баталгаажуулсан байна.
Дэлхийн өвийн конвенцын дагуу соёлын болон байгалийн өвийг уг жагсаалтад бүртгүүлэхийн тулд хүн төрөлхтний хувьд хосгүй гайхамшигт үнэ цэнтэй байх шаардлагатай. Түүнчлэн ЮНЕСКО-гоос тогтоосон 10 шалгуурын доод тал нь нэгийг хангаж, жинхэнэ болон бүрэн бүтэн байдлаа хадгалсан байх ёстой юм.
Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборт Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан дахь Чихэртийн зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумд орших Дуурлиг нарс, Архангайн Хайрхан сумын “Гол мод-1”, Өндөр-Улаан сумын “Гол мод-2”, Ховд аймгийн Манхан сум дахьТахилтын хотгор зэрэг дурсгалт газрыг хамруулжээ. Эдгээр өвийг багтаасан цогц судалгааг “Чингис хаан” үндэсний музейд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд олон жилийн археологийн малтлага, эрдэм шинжилгээний ажлын үр дүнд Эзэнт гүрний түүх, соёлын үнэ цэнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл ийнхүү бүрдсэн аж.
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт төвлөрөн оршин тогтносон Хүннүгийн эзэнт гүрэн нь Төв Ази төдийгүй дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн хүчирхэг төр улс байв. Тухайн үед бүрэлдэн тогтсон төрт ёс, цэрэг, улс төр, эдийн засаг, соёлын систем нь хожмын нүүдэлчдэд уламжлагдан, нүүдлийн соёл иргэншлийн үндсийг тавьсан билээ.
Чуулганы үеэр ажлын хэсгийн ахлагч, академич С.Чулуун “Хүннүгийн язгууртны дурсгалуудыг Дэлхийн өвд бүртгэсэн нь тус өвийг хүн төрөлхтний нийтлэг эрдэнэс хэмээн зөвшөөрснөөс гадна Монголын анхны төрт улсын түүхийг олон улсад баталгаажуулсан түүхэн үйл явдал боллоо” гэж онцлов.
Монгол Улс Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш Увс нуурын ай сав газар (2003), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Дагуурын ландшафт (2017), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) гэсэн зургаан газрыг эл жагсаалтад бүртгүүлээд байв.