Колумбийн Букараманга хотноо болсон Олон улсын физикийн 56 дугаар олимпиадаас манай шигшээ баг дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ. Дэлхийн 90 орны 400 гаруй шилдэг сурагчтай өрсөлдөн, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын багийн дасгалжуулагч нарын нэг, Физикийн улсын олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, Гавьяат багш М.Ганбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Олон улсын физикийн 56 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон Монголын шигшээ багийн таван сурагч медаль хүртлээ. Танд болон танай баг, хамт олонд баяр хүргэе. Энэхүү амжилтад сурагчдын мэдлэг, ур чадвар ахисан нь илүүтэй нөлөөлөв үү?
-Манай улс олон улсын физикийн олимпиадад 1998 оноос оролцож эхэлсэн. Үүнээс хойш олон улсын олимпиадын бодлогын чиглэл, тавигдах шаардлага, үүнд хэрхэн бэлдэх талаар судалж ирсэн. Анх оролцох үед олимпиадын бодлогууд бидний хувьд төдийлөн танил биш, нэлээд цаг зарцуулахуйц хүнд санагддаг байлаа. Харин одоо эргээд харахад 20 гаруй жилийн өмнө амаргүй байсан тэдгээр бодлого өнөөдөр хэдхэн минутын дотор бодчих энгийн даалгавар болжээ.
Олон улсын олимпиадын бодлогын үндсэн агуулга төдийлөн өөрчлөгдөөгүй ч чанар, түвшин нь хэд дахин дээшилсэн. Тиймээс энэ удаагийн амжилтад манай багш, дасгалжуулагчдын олон жилийн судалгаа, туршлага, хөдөлмөрөөс гадна сурагчдын маань хичээл зүтгэл, тууштай бэлтгэл их нөлөөлсөн гэж бодож байна.
Манай сурагчид улсын, бүсийн зэрэг жилд 10 гаруй олимпиадад оролцож, мэдлэг, ур чадвараа сорьдог. Энэ нь тэднийг үргэлж бэлтгэлтэй байхад чухал дэмжлэг болдог -Энэ удаагийн олимпиадын онолын болон туршилтын даалгавар сурагчдаас ямар ур чадварыг түлхүү шаардав?
-Дүрмийн дагуу олимпиадын онолын болон туршилтын хэсэг тус бүр таван цаг үргэлжилнэ. Сурагчид онолын гурван бодлого, нэг туршилтын ажил гүйцэтгэж, нийт 10 цагийн турш сорилд оролцоно. Улмаар энэ хоёр хэсэгт авсан онооны нийлбэрээр байр эзлүүлдэг.
Олимпиадын зохион байгуулагч орон бодлогуудаа боловсруулж, шаардлагатай тохиолдолд гаднын шүүгч, шинжээчдээс зөвлөгөө авч болно. Зохион байгуулагчид бодлогуудаа танилцуулсны дараа оролцогч орнуудын багийн ахлагчид хэлэлцүүлэг өрнүүлдэг. Нэг бодлогыг л гэхэд 5-6 цагийн турш хэлэлцэж, найруулга, тавил болон бусад бүх зүйлийг нарийвчлан хянана. Багийн ахлагчдын олонх дэмжсэн тохиолдолд тухайн даалгаврыг албан ёсоор баталдаг. Үүний дараа гарсан аливаа алдааг хамтын хариуцлага гэж үздэг учраас багийн ахлагчид маш хариуцлагатай ажиллах ёстой. Бодлогуудыг ийнхүү урьдчилан баталгаажуулсны дараа баг бүр өөрийн эх хэл рүү орчуулж, тусгай дугтуйд хийж битүүмжлэн сурагчдадаа өгдөг. Тэмцээн эхлэхэд дугтуйг задалж, сорил дууссаны дараа хураан авч хувилна. Улмаар нэг хувийг ерөнхий шүүгчдэд, нөгөөхийг нь багийн ахлагч нарт хүргүүлэх юм.
Эл олимпиадын даалгаварт технологийн шинэ нээлт, ахиц дэвшлийг түлхүү тусгахын оронд стандарт түвшний бодлогод илүү төвлөрснөөрөө онцлогтой. Өмнөх тэмцээнүүдэд Нобелийн шагналт эрдэмтдийн хийсэн шинэ нээлт, бүтээсэн төхөөрөмжид суурилсан асуулт ирэх нь элбэг байсан. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн олон жилийн турш судалж, боловсруулсан нээлт, үзэгдлийг сурагчид хэдхэн цагийн дотор ойлгож, бодож шийдвэрлэх шаардлагатай гэсэн үг. Гэхдээ бодлогын шийдлийг заавал дунд болон ахлах сургуулийн математик, физикийн мэдлэгийн хүрээнд олох боломжтойгоор боловсруулна. Мөн энэ удаагийн даалгаврууд нэлээд их бичвэртэй байсан. Зөвхөн бодлогын текст нь гэхэд 30 гаруй хуудас. Үүнийг энгийн хүн хуулж бичихэд л долоон цаг орчим зарцуулна. Харин багийн ахлагч нар даалгаврыг 4-5 цагийн дотор орчуулж, эмхлэн бэлтгэх үүрэгтэй.
Туршилтын ажлын үеэр олон сурагч нэгэн зэрэг цахилгаан хэрэглэснээс үүдэн 140 гаруй хүүхдийн багаж төхөөрөмж доголдсон. Тэдний дунд манай гурван сурагч ч байсан. Гэхдээ багийн ахлагч болон шүүгчид асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн.
-Физикийн олимпиадын бэлтгэлд лабораторийн орчин нэн чухал. Манай сурагчдыг олон улсын түвшний туршилтын даалгаварт бэлтгэх орчин, тоног төхөөрөмжийн хангамж өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Харамсалтай нь, манайд туршилтын багаж үйлдвэрлэх газар байхгүй. Байлаа ч ашигтай ажиллахад хүндрэлтэй. Тиймээс үргэлж гадаадаас худалдан авдаг. Гэвч авсан тоног төхөөрөмжүүд манай нөхцөлд тодорхой хувьд нь л тохирно. Нэг л эд анги нь эвдрэхэд сэлбэггүйгээс болоод ашиглах боломжгүй. Үхмэл хөрөнгө болох эрсдэлтэй. Тиймээс Боловсролын яам үүнд анхаарч, энэ жилээс дотооддоо хийх боломжтой зүйлсийг бүтээх талаар хэлэлцэж эхэлсэн. Хэрхэн шийдэхийг нь харж байгаа. Бид сүүлийн жилүүдэд олон улсын олимпиадад ашигладаг туршилтын багаж, төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж, туршиж байна. ШУТИС-д бичил үйлдвэрлэлийн шугамаар ийм төхөөрөмжүүдийг хийж эхэлсэн. Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулиудад физикийн хичээлийн цаг бага. Багш нар 40-50 сурагчтай ангид ганцхан багаж тавиад, түүнийгээ буцааж хураах, засах гэсээр байтал 40 минут нь дуусдаг. Тиймээс ажиллагаа ихтэйгээс нь халшраад, зөвхөн олимпиадад бэлдэх цөөн сурагчдад туршилт хийлгэхээс биш, нийт хүүхдүүдэд үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, манай сургуулиудын физикийн хичээл цэвэр онолын шинжтэй, математик шиг болсон. Бага наснаасаа эзэмших ёстой туршилтын чадвараа эзэмшиж чадаагүй сурагчийг 1-2 жилийн дотор дайчлан, олон улсаас медаль авах түвшинд хүртэл бэлтгэнэ гэдэг асар их хөдөлмөр, цаг хугацаа шаардана шүү дээ.
ОНОЛООР “БӨМБӨГДӨЖ”, ТҮҮНИЙГ НЬ ЦЭЭЖИЛСЭН Л БОЛ САЙН ГЭЖ ҮЗДЭГ
-Олон улсын олимпиадад амжилт гаргахад зөвхөн физикийн мэдлэг хангалтгүй байх. Таны туршлагаас харахад өндөр амжилтад хүрсэн сурагчдад ямар мэдлэг, ур чадвар, зан чанар нийтлэг байдаг вэ?
-Багш нар ерөнхийдөө хурдны морины уяачидтай адилхан болчихдог. Хүүхдийн хөдөлгөөн, биеийн байдлыг ажиглаад тухайн тэмцээнд хэн нь сайн “давхиж”, өндөр амжилт үзүүлэх боломжтойг бараг л тооцоолох түвшинд хүрсэн. Бэлтгэл ханаад эхлэхээр бие физиологид нь тодорхой шинжүүд ажиглагддаг. Хөдөлгөөн нь өөрчлөгдөж, хоёр гараа өөд өөдөөс нь савлах, хүзүүгээ гилжийлгэх гэх мэт шинж илрэх нь бий. Харин сорил дууссаны дараа эргээд хэвийн болчихно. Ялангуяа Япон, Солонгос, Хятад зэрэг маш олон цагаар хичээллэдэг орны сурагчдад ийм зүйл нийтлэг харагддаг.
Түүнчлэн олны ярьдгаар номын, дуу цөөнтэй, дотогшоо зантай хүүхдүүд математикийн гүн мэдлэггүй л бол физикт амжилт олох боломжгүй. Өөрөөр хэлбэл, давхар математикийн олимпиадад оролцдог сурагчид өндөр оноо авах нь элбэг. Тэгэхээр хурдтай, аливаа зүйлийг алдаа багатай, эмх цэгцтэй хийхээс гадна туршилтын өндөр чадвартай байх учиртай.
Бид хүүхдүүдээ байнга сорилд хамруулж, ямар дутагдлыг нь хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцдэг. Гэвч манай улсын сургалтын тогтолцоонд буй нийтлэг дутагдал ч ихээхэн нөлөөлнө. Сургуулиуд хурдан бичих, текст уншаад ойлгох, цээжлүүлээд, буцааж яриулахад л анхаарахаас биш, утгыг нь ойлгож, шинэ санаа гаргах, бүтээлчээр ажиллах чадвар дутмаг. Онолын мэдлэгээр “бөмбөгдөж”, түүнийг нь цээжилчхээд буцаагаад хариулж байвал л сайн гэж үздэг. Гэтэл гүн бодож, гүнзгий сэтгэх нь хамгаас чухал. Мөн бие дааж, өөртэйгөө ажиллах дадалд суралцах шаардлагатай.
Цар тахлын үеэр манай сурагчид бусад орны хүүхдүүдээс хамаагүй өндөр амжилт үзүүлсэн. Учир нь гадаадын сурагчид багш нараасаа холдохоор бие даан хичээллэх нь багасчихдаг. Гэтэл манай хүүхдүүд хэл сурах нь сурч, шалгалт өгөх нь өгөөд, цахим орчноос олон улсын даалгавар олж, бодох зэргээр бидний чиглүүлэггүйгээр ч тасралтгүй суралцаж, чадвараа ахиулсаар байсан.
-Тэмцээний өмнө сурагчдын бие болон сэтгэл зүйн бэлтгэлийг хэрхэн хангадаг вэ. Цагийн зөрүү, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт олон асуудал тулгардаг байх?
-Манайхны ганц чаддаггүй зүйл энэ. Бид чинь зөвхөн бодлого бодуулж, зөв бурууг нь л шалгадаг талтай. Гэтэл сурагчдын сэтгэл зүй ямар байгааг төдийлөн анзаардаггүй. Тэмцээний өмнө хурдыг нь хэмжихэд тайван орчинд цагтаа амжиж боддог хүүхэд сорилын үеэр огт өөр болчихно. Дүрмийн дагуу бид тэмцээний турш тэдэнтэй уулзах боломжгүй бөгөөд зөвхөн шагнал гардуулах үед л барааг нь хардаг юм.
Тэгэхээр энэ хооронд тухайн сурагч хангалттай амарсан, эсэхээс эхлээд бие, сэтгэлээ хэрхэн бэлдсэн, тэмцээний танхимд юу тохиолдсоныг мэдэх аргагүй. Зарим хүүхэд бэлтгэлийн үед зүгээр байснаа сорил эхлэхээр сандарч чичрээд эхэлдэг. Улмаар багажаа буруу залгаж, шатаах тохиолдол ч гарсан. Энэ талдаа манай сургалт учир дутагдалтай. Спортынхонд сэтгэл зүйчтэй ажилладаг давуу тал бий. Магадгүй цаашид спортынхонтой хамтарч, туршлага судлах шаардлагатай байх.
ШИГШЭЭ БАГИЙН СУРАГЧДЫГ ОРОН ДАЯАР БҮРЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Өнөө жилийн шигшээ багт Орхон, Дархан-Уул аймгийн сурагчид багтаж, амжилттай оролцлоо. Орон нутгаас авьяаслаг хүүхдүүдийг эрт илрүүлж, системтэй хөгжүүлэхэд юу хамгийн их дутагдаж буй бол?
-Хоёр сурагч маань бараг гурван жилийн турш Улаанбаатарт ирэн очин сургалтад хамрагдсан. Орхон аймгаас оролцсон хүүхэд л гэхэд сургуулиа төгсөхийн тулд сүүлийн нэг жил л нутаг буцсан юм. Гэсэн ч бидэнтэй үргэлж холбоотой байсан. Дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багшийн бэлтгэлээр олон улсын тэмцээнээс медаль хүртэх боломжгүй. Тэдний үүрэг бол авьяастай хүүхдүүдийг тодруулаад, есдүгээр ангиас нь бидэнд хүлээлгэж өгөх юм.
Яг үнэндээ бид Монгол Улсын шигшээ багийг төлөөлөх сурагчдыг орон даяар бүрэн сонгон шалгаруулж чадахгүй байна. Хот доторх хэдэн өндөр мэргэжлийн багштай “Сант”, “Шинэ Монгол” тэргүүтэй цөөн сургуулиас хүүхдээ сонгодог байв. Харин энэ удаад орон нутгаас сурагчид багтсанаараа олзуурхууштай. Яваандаа улсын хэмжээнд авьяаслаг хүүхдийг тодруулах боломж улам бүр нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн залуусыг эх орныхоо шинжлэх ухаан, технологийн салбарт эргэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд, мөн цаашид энэ амжилтаа тогтвортой хадгалахад ойрын 5-10 жилд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Бид зөвхөн нэг тэмцээний дүнгээр харж болохгүй. Үүний цаана бүх нийтийн боловсрол, хүүхдүүдийн чадавх, элсэлтийн шалгалтын дүн, багш нарын цалин хөлс ямар байгаа билээ гээд олон нийгмийн асуудал бий. Энэ удаагийн олимпиадад оролцсон сурагчдыг багш Г.Мөнхбаяр, М.Отгонбаатар нар гурван жил бэлтгэж, алтан медалийн төлөө зүтгэсэн ч харамсалтай нь, жижигхэн алдааны улмаас оосроос нь атгаад алдлаа. Тиймээс ингэж бэлддэг багш нарыг олшруулж, нийгмийн асуудлыг нь бага ч болов шийдэх хэрэгтэй.
Мөн зарим их, дээд сургуулийн удирдлага олимпиадад явж буй багш нарыг аялалд явж байгаа мэтээр ойлгож, дунд сургуулийн ажил хийлээ хэмээн шүүмжилдэг. Улсын олимпиадын бодлого зохиохоор түүнийг нь хөдөлмөр биш гэж үзэх тал бий. Их сургуулийн багш бол эх орондоо л үйлчлэх ёстой гэж би боддог. Гэтэл үнэндээ зарим удирдлага загнаж, буруугаар ойлгох тохиолдол бишгүй гарна. Бас олимпиадад бэлдэж буй хүүхдүүдэд хичээл заахгүй хэрнээ “Энэ удаад би явна. Газар үзнэ” гэдэг багш ч бий. Гэтэл үүний цаана 4-5 жил хүний хүүхдийг дайчилж, энэ бодлогыг бодох чадамжтай болгосон маш том багийн ажиллагаа бий. Үүнийг хаа хаанаа ойлгох шаардлагатай.
Түүнчлэн багш нарын цалин хангамж муу байхад тэднийг байнга шахах нь хүндрэлтэй. Би сүүлийн үед 30-40 физикийн багшид цахим сургалт явуулж байна. Тэд ажлаа тараад л миний сургалтад суудаг. Цэцэрлэг, сургуулиас нь хүүхдээ аваад, нэгийг нь тэвэрч, нөгөөхийг нь хөтөлчхөөд суралцаж байна. Цаана нь хүүхэд нь уйлаад л. Ийм орчинд буй багшаас дэлхийн шинжлэх ухааны түвшинд ажилла гэж шаардахад бэрх. Харин ингээд ч болов зүтгэж байгаад нь дэмжлэг үзүүлмээр санагддаг юм. Үнэхээр юм суръя гэдэг багш олон шүү дээ. Гэтэл жаахан зүйл сураад эхлэхээр сургуулийнхан нь компьютерын вирус арилга, хиймэл оюунаар төлөвлөгөө боловсруул гэх мэтээр “хар ажил” даатгаад эхэлдэг. Эсвэл зарим нь жаахан чадваржихаараа цалингаа бодоод хувийн сургууль руу шилжих юм уу, хувьдаа сургалтын төв байгуулдаг.
Үүнээс гадна хүүхдүүдийг эх оронд нь тогтоон барих асуудал маш чухал. Дөрвөн жилийн өмнө бид нэг судалгаа хийсэн. Олон улсын олимпиадад оролцсон 100 хүүхдийн 90 гаруй хувь нь АНУ-д суралцах сонирхолтой байв. Гадаадын MIT гэх мэт сургуулиуд урилга өгөөд л тэднийг элсүүлдэг. Тэд маань сургуулиа төгсөөд НАСА, Харвард тэргүүтэй хүн төрөлхтний оюун ухааны оргил болсон олон газарт ажилладаг. Түрүүчээсээ эх орондоо эргэж ирээд, сургалтад оролцож, төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай.
Гэвч тэднийг эх оронд нь тогтоож ажиллуулах хөшүүрэг харамсалтай нь, Монголд байхгүй. Цалин, орчин нөхцөлөөс эхлээд асуудал их бий. Жишээ нь, Саудын Арабт ажиллаж буй багш нарын бараг 100 хувь нь АНУ-ын эрдэмтэд. Нобелийн шагналтай хүнийг лаборатори, шавь нар, гэр оронтой нь тэр чигээр нь эх орондоо урьж, хэд дахин өндөр цалин өгөөд, манай улсыг хөгжүүл гэдэг. Саудын Арабын ректоруудын яриаг чагнахад нейрон, уураг тархи, сансар судлал гэх мэт цоо шинэ чиглэлүүдэд хөрөнгө оруулж байна. Тэд өөрсдөө “Дараагийн Нобелийн шагналтнууд манайхаас төрнө” гэдэг. Төрмөл биш ч гадаадын эрдэмтдийг урьж, дотоодын эрдэмтдээ сургаж байгаа юм.
Дэлхийн технологийн амин сүнс физик дээр тогтдог. Хиймэл оюун, математик, мэдээллийн технологид нээлт хийх болгонд шинжлэх ухаан, технологи тэр хэрээр хөгжөөд байна. Гэтэл “Намайг сурагч байхад физикийн хичээлээр юу зааж байсан, одоо их сургуульд юу зааж байна” гэх мэтээр өнгөрсөн үеэ санагалзсан эрдэмтэн олон бий. Гэхдээ тэр чинь 60-70 жилийн өмнөх асуудал. Хувьсан өөрчлөгдөж буй нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхаж гэмээнэ хөгжинө. Биднийг сурагч байхад элсэлтийн шалгалтад ирдэг байсан бодлоготой харьцуулахад өнөөдрийн олимпиадын даалгаврууд хамаагүй хүнд, 10-20 дахин хэцүү болсон. Тэгэхээр Монголын сургалт муудчихлаа, амь нь тасрахдаа тулчихлаа, Оросын үед сайхан байсан гэх нь хэт өрөөсгөл.
Судлаачийн хувьд би бүх насаараа л Орос, Япон, Солонгос, Турк, Хятад, Америкийн эрдэмтдийн шинжлэх ухааны бүтээл, туурвил уншсан. Судлаач хүний судалгааны объект угаасаа энэ. Авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Ямар ч сургалтад хамрагддаггүй хэрнээ нэг л их профессор, ардын багш, докторууд гарч ирээд, өнөөгийн сургалтын системийг муулж, Монголын боловсрол мөхлөө гэх юм. Ийм байж болохгүй шүү дээ. Дутагдал бий гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ бүхэл бүтэн шинжлэх ухааныг нэгэн зуунаар нь ухрааж болохгүй.
ХЯТАД СУРАГЧИД АВЬЯАСТАЙ ГЭХЭЭС ИЛҮҮ АСАР ИХ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ
-Хүүхдийн физикийн сонирхол, авьяасыг хэдий үеэс нээж хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй вэ. Багш болон эцэг, эхчүүд үүнийг хэрхэн зөв дэмжиж болох талаар та зөвлөхгүй юү?
-Авьяасыг нь дагнан судлаагүй болохоор яг таг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ гадаадын орнуудад бүр цэцэрлэгээс нь эхлэн хичээл заадаг юм билээ. Тухайлбал, Хятад улс маш олон тусгай сургуультай. Тэдгээрээсээ хамгийн шилдэг залуусыг шигшээд авахаар хүүхдүүд нь яг л робот шиг болчихдог. Тиймээс миний хувьд хятад сурагчдыг авьяастай гэхээсээ илүү асар их хөдөлмөрлөсөн гэж боддог. Харин оросууд бол үнэхээр авьяаслаг. Монголд 2023 онд болсон Азийн олимпиадын үеэр би орос, хятад хүүхдүүдийн даалгаврыг зассан юм. Хятадын найман оролцогчийн материал нэг хүнийх мэт ижилхэн. Төрөлжсөн сургалтын л ач буян болов уу. Гэтэл Оросын багийнхны бодолт бүгдээрээ өөр. Тухайн үед би шагнал гардуулах ёслолын үеэр нэг орос хүүгийн гарыг өргөөд “Чи намайг яллаа. Би энэ бодлогыг зохиох гэж хоёр сарын турш нойргүй хоносон. Гэтэл чи намайг болон манай багийнхныг бүгдийг нь дийлж чадлаа” гэж хэлж байв. Тэр залуу надтай сүүлийн гурван жил олон улсын тэмцээнд Оросын багийг ахлан оролцлоо. Одоо бол их сургуулийн оюутан болсон. Тэгэхээр оросууд авьяастай залуусаа дор нь нээж, ашиглаж байна гэсэн үг.
Газар доорх баялаг гэхээсээ илүү монгол хүүхдүүдийн тархинд байгаа эрдэнэсийг илрүүлж, улс орондоо хэрэгтэй мэргэжилтэн болгон, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй болгох нь нийгмийн үүрэг. Түүнээс биш олимпиадад амжилт үзүүлсэн ганц хоёрхон сурагчийг өнөөдөр “дээш нь шидчихээд”, маргааш мартчихаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэдгээр залуусын ирээдүйг цааш хэрхэн авч явах вэ гэдэг нь өнөөдрийн амжилтаас хамаагүй чухал байна.
У.ЦЭЦЭГ