
Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийн цөм болсон олон зуун жилийн баялаг уламжлалтай Италийн эртний задгай театруудын тайзнаа Монголын дуучид тус тусын авьяас, чадвар, дуулах техник, хоолойн бяр чадал, цараагаар шагшигдсаар байна. Тухайлбал, Италийн Сициль арлын Сиракузагийн Грек театрт саяхан “Festival Lirico dei teatri di Pietra” (Чулуун театруудын дуурийн фестиваль)-ийн хүрээнд тавигдсан Ж.Вердийн “Набукко” дуурьт Монголоос хоёр дуучин нэгэн тайзнаа зэрэгцэн гол дүрүүдийг бүтээн гоцолжээ.
63 дахь удаагийн наадамд энэхүү тайзнаа 50 жилийн дараа дахин тавигдаж буйгаараа онцлогтой “Набукко” дуурийн гол дүр Набукко хаанд Монголын баритон, Гавьяат жүжигчин Ч.Бадрал, их тахилч Заккариагийн дүрд басс-баритон, Гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар нар хамтдаа гоцлон түүх бүтээсэн байна.
Тоглолтын дараах шүүмжүүдэд Гавьяат жүжигчин Ч.Бадралын тухай “Тэрбээр эзэрхэг атлаа соронзон мэт татах увидастай, сэтгэл татам Набуккогийн дүрийг бүтээжээ. Түүний хоолой хүчирхэг агаад өргөн тавилттай, хөгжмийн өгүүлбэр-фраз тодорхой сайхан бөгөөд дууны тусгал, цараа асар өндөртэй ажээ. Түүнчлэн сүр жавхлант, эрхэмсэг чанар (gravitas) цогцолсон нь тайзыг бүрэн эзэмдэж, баатрынхаа дотоод хувьсал буюу эзэрхэг, догшин хаанаас эхлээд сөхрөн доройтож, эцэст нь ухаан бодол, итгэл бишрэлээ эргүүлэн олж авч буй сэтгэл зүйн нарийн өрнөлийг тун оновчтой, үнэмшилтэйгээр дэлгэн харуулж чадсан” хэмээн өндрөөр үнэлжээ.
Дуучдын чадал чансааг сорьдог задгай театрт олон мянган үзэгчдийн өмнө “дүнгээ тавиулах” амаргүй түүчээг Ардын жүжигчин Э.Амартүвшин 2017 онд Италийн алдарт Арэна ди Вэронад дуулж эхлүүлсэн бөгөөд 2019 онд Гавьяат жүжигчин Ч.Бадрал мөн тус тайзнаа тоглосон. Тэгвэл тун удахгүй Гавьяат жүжигчин Э.Анхбаяр мөн Арэна ди Вэронад дуулахаар зэхэж буй билээ.