
“B Contemporary” арт галерейнхэн олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн хамтарсан “Con-temporary series” цуврал үзэсгэлэнгээ тав дахь жилдээ толилуулж байна. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж буй тус үзэсгэлэн нь байгаль орчин, экологийн өөрчлөлт, нийгмийн тулгамдсан асуудлыг орчин үеийн урлагийн олон талт илэрхийллээр дамжуулан нийгмийн анхааралд хүргэдгээрээ ач холбогдолтой.
Энэ удаагийн “Сүүлчийн зүүд, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хамтарсан үзэсгэлэнд Б.Алтангэрэл, О.Амар, Б.Батчимэг, Б.Бат-Оргил, Б.Баяржаргал, П.Ганбат, Ц.Ган-Эрдэнэ, Б.Орхонтуул, Д.Үүрийнтуяа нарын есөн уран бүтээлч оролцож байна. Тэд уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол болон хүний хариуцлагын асуудлыг өөр өөр өнцөг, материал, орон зайн шийдлээр эргэцүүлэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэнг ирэх сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болгох бөгөөд үнэ төлбөргүй аж.
