Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос улс болон салбарын хамтын хэлэлцээрээр тохиролцсон цалингийн нэмэгдлийг олгох, шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт бүрэн тусгахыг шаардан Ерөнхий сайд Н.Учралд албан бичиг хүргүүллээ.
Засгийн газар, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хооронд 2026 оны тавдугаар сарын 21- нд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрээр хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон юм. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, цалин хөлсний үндэсний бодлого боловсруулах, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмж, бүтцийг оновчтой болгох, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр тохирчээ. Мөн ДНБ болон инфляцын өсөлттэй уялдуулан цалин хөлсний эзлэх хувийг жил бүр өсгөх, Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нийгмийн түншлэлийн хүрээнд зөвшилцөж байхаар тусгасан байна.
Боловсролын яамтай байгуулсан нэмэлт хэлэлцээрээр тус салбарын багш, ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс шат дараатай нэмж, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг ирэх жилийн төсөвт тусгуулахаар шийдвэрлэсэн аж. Түүнчлэн шинжлэх ухааны салбарынхны цалинг 2026 онд 50-иас доошгүй хувиар нэмж, эрдэм шинжилгээний ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай тохиролцжээ.
Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц иргэдийн бодит орлогод дарамт учруулж буй энэ үед амлалтаа хугацаанд нь биелүүлэх нь нийгмийн түншлэлийн итгэлийг бэхжүүлэхэд чухал хэмээн МҮЭХ онцоллоо. Иймд тохиролцсон нэмэгдлийг 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт бүрэн суулгаж, хэрэгжилтийг нь хангах чиглэлийг холбогдох сайд нарт өгч ажиллахыг Ерөнхий сайдаас хүссэн байна.