Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Тэдгээрийн 116 нь хоол, хүнсээ бие даан бэлтгэдэг бол 42 нь тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтайгаас үүдэн хувийнхныг царайчилж байгааг албаныхан хэлсэн. Иймд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хүнсний чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, тулгамдаж буй эл асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
Түүнчлэн нийслэлийн харьяа амаржих газруудын тусламж, үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, хууль, эрх зүйн орчинд нийцүүлэх замаар тогтвортой үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Эх, хүүхдийн төв болгон өргөтгөхөөр болсныг мэдээлэв. Хотын дарга Б.Пүрэвдагва “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар барилга, байгууламж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд харилцан адилгүй. Иймд нарийвчилсан судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн тооцоог боловсруулан нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэв.