
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх эртний түүхт рашаан, булгуудыг сэргээн хамгаалах Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд өдгөө Дамбадаржаагийн рашааныг тохижуулж байгааг Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэв. Угажлыг НҮБ-ын Хүүхдийн сан санхүүжүүлсэн бол тохижилтыг нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, “Жонон болд” компани хамтран гүйцэтгэж буй аж.
Төслийн хоёрдугаар шатанд тус рашааны адаг орчмын ус, намгархаг газрыг хамгаалах, хөв цөөрөм байгуулах, Дарь-Эхийн үерийн хамгаалалтын даланг сэргээх, борооны ус хуримтлуулах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Сэргээн тохижуулсан Дамбадаржаагийн рашааныг тун удахгүй нээх гэнэ. Ингэхдээ тууз хайчилж, баяр ёслол болгонтэмдэглэх бус, уст цэгүүдийг хамгаалах жишиг ажил гэдэг үүднээс олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулалт татах шийдлүүд эрэлхийлэх нь. Түүнчлэн ирэх сард болох COP17 хуралд оролцогчдод энэ ажлыг онцлон танилцуулах юм.
Н.МИШЭЭЛ