НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027-2030 оны гишүүний сонгууль өнгөрсөн сард Нью-Йорк хотноо болоход Монгол Улсаас нэр дэвшүүлсэн жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа шилэгдсэн юм. Ийнхүү тус хороонд манай орноос “суудал”-тай болж, тэрбээр дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, жендерийн тэгш байдлыг хангах үйл хэрэгт гардан оролцож, сайн туршлагыг дэлгэрүүлэхээр болсон нь яалт ч үгүй онцлох үйл явдал мөн билээ.
Ази, номхон далайн эмэгтэйчүүдийн эрхийн сүлжээ ТББ, НҮБ, ЕАБХАБ-д мэргэжилтэн, зөвлөхөөр ажилласан эл эмэгтэй ярилцлагын үеэр “Дэлхий дахинаа ямар асуудал тулгамдаж буйг би маш сайн мэднэ. Зөвлөгөө өгөх бол дипломат ажил. Тиймээс нэг ч хүн зааж, зааварлах ёсгүй” хэмээн тодотгосон. Д.Амарсанаа өнөөгийн Украин улсад амьд организм ба байгалийн үйл явцыг шинжлэн судалдаг микробиологич мэргэжил эзэмшсэн шинжлэх ухааны угшилтай нэгэн. Хожмоо Их Британид хүний эрхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Манай улс Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод 1979 онд нэгдэн орсон. Мөн та 1980- аад оны эхээр тус хороог даргалсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Идэр агсны дараа ажиллах хоёр дахь хүн боллоо шүү дээ. Монголоос гадна Албани, Канад, Египет, Нигери, Шри Ланка зэрэг 20 улс өрсөлдсөн гэж сонссон.
-Эл конвенц 1981 оноос хүчин төгөлдөр хэрэгжсэн. Тус хороо бие даасан, хараат бус 23 шинжээчээс бүрддэг. Оролцогч улсуудаас ирүүлсэн тайлан, мэдээллийг нягталсны үндсэн дээр дүгнэлт, зөвлөмж өгдөг юм. Харин сонгууль бүрийг явуулахаас наад зах нь гурван сарын өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга оролцогч орнуудад захидал илгээж, Засгийн газрууд дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг албан ёсоор бүртгүүлдэг. Гадаад харилцааны яам миний нэрийг дэвшүүлсэн л дээ. Тэд маш сайн ажилласныг дурдмаар байна. Нэр дэвшигчид эмэгтэйчүүдийн асуудлаар дагнаж олон жил ажилласан, энэ талын өндөр мэдлэг, ёс суртахуунтай байх ёстой гэх шаардлага заасан нь бий.
-Орчин үед алагчлах бус, ялгаварлан гадуурхалт хэмээн тодорхойлж байгаа гэсэн.
-Тийм. Би маш олон хүнтэй энэ талаар ярилцаж, мэтгэлцсэн. Конвенцыг анх орчуулахдаа алагчлах хэмээсэн ч ардчилсан хувьсгалаас хойш ийн нэрлэх нь илүү тохиромжтой, тус баримт бичгийн зорилго, зорилттой нийцэж байна гэж салбарынхан үзсэн л дээ. Гишүүн орнууд эмэгтэйчүүдийг алагчлах, ялгаварлан гадуурхах үзлийг халах, тэдний хөгжин дэвших нөхцөлийг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх боломжийг хангах үүрэгтэй. Мөн эдгээр 189 улс конвенцын хэрэгжилтийг тогтмол тайлагнах замаар хүчин чармайлтаа үнэлүүлдэг. Тиймээс үүнийг эмэгтэйчүүдийн эрхийн “гэрээ” хэмээх нь ч бий.
Хороо нээлттэй хуралдааныхаа үеэр тайлан бүрийг авч үзээд дүгнэлтээ танилцуулахад Засгийн газруудын төлөөлөл ирж, илтгэлээ хэлэлцүүлдэг. Тэгэхээр хорооныхон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж, олон мэдээллийг тал талаас цуглуулсны эцэст зөвлөмж гаргадаг гэсэн үг. Ташрамд дурдахад, конвенцын нэмэлт протокол гэж бий. Конвенцод заасан аливаа эрхийг зөрчсөний улмаас хохирсон тухай гомдлоо тухайн улсын хуульд захирагдах этгээд, бүлэг хороонд өгч болдог. Түүнийг хүлээн авах, эсэхийг шинжээчид хэлэлцэн зөвшөөрсөн тохиолдолд уг хэсгийг сайтар судалсны үндсэн дээр дүгнэлт гарган тухайн улс оронд зөвлөмж өгдөг. Хорооны өөр нэг үйл ажиллагаа бол эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй асуудал гарвал мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Монгол Улсаас уг нэмэлт протоколыг ашигласан тохиолдол байхгүй. Орон бүрд байдал ялгаатай л даа. Жендерийн эрх тэгш байдал аль ч улсад бүрэн хангагдаагүйг дурдах хэрэгтэй.
-Манай улс ингэж хандаагүйн шалтгаан юу байж болох вэ?
-Ийм нэмэлт протокол байдгийг сайн мэддэггүй юм байна. Шүүх байгууллагаас “Конвенцод заасны дагуу таны энэ эрхийг зөрчжээ” гэсэн шийдвэр гаргасан, эсэхийг мэдэхгүй юм. Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад олон улсын конвенцыг манай шүүгчид төдийлөн ашигладаггүй бололтой гэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ олон улсын гэрээ, баримт бичгийг харгалзах нь хомс юм байна гэж хувьдаа дүгнэсэн. Манай улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдол хэр их бүртгэгдсэнийг сайн мэдэхгүй юм. Нэлээд ажил болж энэхүү конвенцыг бичсэн юм билээ. 1979 онд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн асуудлыг төдийлөн ярьдаггүй, хаалттай сэдэв байв. Түүнээс хойш их олон жил өнгөрсөн байна.
Сүүлийн 10 жилд л гэхэд урьд хожид байгаагүй янз бүрийн хүчирхийллийн хэлбэр дэлгэрсэн. Хорооны зүгээс үүнд зөвлөмж гаргах замаар тодотгож буй. Өөрөөр хэлбэл, энэ конвенц бол яг л амьд организм мэт баримт бичиг. Тогтмол хувьсан өөрчлөгдөх боломжтой. Гишүүд жилд гурван удаа Швейцарын Женевт цуглаж хуралдахдаа оролцогч орнуудын ээлжит тайланг хэлэлцэхээс гадна ерөнхий зөвлөмж боловсруулж, мөн дэлхийн хурцадмал асуудлуудад байр сууриа илэрхийлдэг. Ташрамд хэлэхэд, 23 гишүүн аливаа Засгийн газар, улс орныг төлөөлдөггүй. Би Монголыг төлөөлөхгүй гэсэн үг. Конвенцын 17 дугаар зүйлд Хорооны гишүүнд тавигдах шалгуур, сонгон шалгаруулах журмыг маш тодорхой зааж өгсөн. Ажлын залгамж чанарыг алдагдуулахгүйн тулд хоёр хувааж буюу нэг удаагийн сонгуулиар 12, дараагийнхаар нь 11 гишүүнийг ээлжлэн сонгодог зарчимтай. 2026 онд 12 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байсан юм. Гишүүд дахин нэг удаа улирах боломжтой байдаг.
-Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль манайд бий. Эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эн тэнцүүхувь нэмрээ оруулснаар жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг эрх тэгш байдал хэмээн ойлгож буй. Энэ талаар хийсэн орчин үеийн судалгаа их цөөн байна. Та жендерийн эрх тэгш байдлыг хангахад авч хэрэгжүүлж байгаа бодлогыг мэргэжилтний үүднээс дүгнэж болох уу?
-Манай улсын хууль, бодлого харьцангуй дэвшилттэй гэж хэлнэ. Таны дурдсан хуулийг ч тухайн үед тун сайн боловсруулсан. 2022 онд баталсан хуулийн хэрэгжилтийн үнэлгээний илтгэлээс харахад зарим заалт амьдралд биелэхгүй байгаагийн гол шалтгаан нь нийгмийн хэм хэмжээ болон жендерийн хэвшмэл ойлголттой шууд хамааралтай. Энэ бол зөвхөн манайд бус, дэлхий даяар жендерийн бодлого бүрэн хэрэгжихэд тушаа болж буй эмзэг асуудал. Нийгэмд бичигдээгүй хууль мэт тогтсон уламжлалт ойлголт олон бий.
Энгийн жишээ дурдахад, манайд “өрхийн тэргүүн” гэх нэршил байдаг даа. Олон хүнтэй айлд маргаан гарвал нэг хүн шийдвэр гаргах юм байна гэж эергээр харж болох ч “Яагаад заавал нэг хүн давуу эрхтэй байх ёстой гэж”, “Тэр нь яагаад заавал эрэгтэй хүн байна гэж” гэх мэтээр бид уламжлалт хэвшмэл ойлголтоо эргэн харах шаардлагатай. Энэ нь насны асуудал биш гэдгийг онцлох хэрэгтэй. Ийм хуучинсагойлголтыг сөрж, дуу хоолойгоо хүргэж буй иргэний нийгмийн байгууллагууд цахим орчинд дайралтад өртөх нь цөөнгүй байна. Манай Хорооноос яг энэ асуудалд чиглэсэн, улс орнууд жендерийн хэвшмэл ойлголттой хэрхэн тэмцэж болох талаар Ерөнхий зөвлөмж бэлтгэн, хэлэлцүүлж буй. Энэ оны сүүлчээр батлах болов уу.
-Жендерийн эрх тэгш байдал гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд хамаарах ойлголт мэт хандах нь элбэг.
-Миний хувьд олон олон орны төлөөлөгчидтэй уулзахдаа дөрвөн үндсэн сэдвийг онцгойлон ярьснынэг нь жендерт суурилсан хүчирхийлэл. Хэдийгээр эр хүн бүр хүчирхийлэгч биш ч олон эрэгтэй энэ талаарх буруу ойлголт, хандлагыг дагаж, зүгээр өнгөрөөж, өөгшүүлэх нь цөөнгүй. “Би өөрөө хүчирхийлэл үйлдээгүй юм чинь болоо” гээд ажиглагчийн байр сууринаас хандах ч юмуу. Үнэндээ буруу үйлдэл хийж байгаа нэгэндээ шаардлага тавихгүй, зохимжгүй хошигнол ярихад нь дагаж инээх зэрэг идэвхгүй “дэмжиж” буй нь өөрөө асуудал. Тиймээс эрэгтэйчүүдийг үүний эсрэг дуу хоолойгоо хүргэх, бодит үйлдэл хийх чиглэлд идэвхжүүлэх шаардлагатай. Сошиал орчноос харахад шийдвэр гаргагчид ч хүний эрхийн эсрэг асуудалд өөрийн үүрэг, хариуцлагаа сайн ойлгохгүй байгаа тал анзаарагддаг.
-Ирланд улс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгох хуулийн төслийг өнгөрсөн лхагва гарагт баталлаа. Ингэснээр дөнгөж болзож, хамтран амьдарч эхэлж буй хүнээ өмнө нь хүчин, бэлгийн хүчирхийлэл, бусдыг мөрдөн мөшгөх, дарамтлах, зөвшөөрөлгүйгээр зураг, дүрс бичлэгийг тараах зэрэг гэмт хэрэгт холбогдож байсан, эсэхийг шалгах боломжтой болсон. Хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэж буй хүний эрхийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзахад дан ганц ял шийтгэл хангалтгүйг хэлэх юм билээ. Таны хэлсэнчлэн бусдын эрхэм чанарыг хөндөж, жендерийн хэвшмэл ойлголтыг түгээн дэлгэрүүлж, зохисгүй, мэдрэмжгүй хошигнол ярьж байгаагаа ч мэдэхгүй хүн олон. Тиймээс ер л энэ тогтсон ойлголтоо засах нь чухал гэж ойлгож байна.
-Уламжлалд сайн нь ч, муу нь ч бий. Тогтсон, хэвшмэл зүйлийг хөндвөл иргэд их эсэргүүцдэг. Соёл тогтмол биш, динамик шинжтэй. Цаг хугацааныявцад тэр дундаас аль болох ашигтайгаа авч үлдэх ёстой юм. Дэлхий дахинаас харахад эмэгтэйчүүдийнхээ эрхийг хангаж, тэгш оролцоог дэмжсэн орнууд илүү хурдацтай хөгжиж байгаа. Наанадаж л жендерийн тэгш бус байдал ноёлсон нийгэмд хүн өөрийн боломж, потенциалаа бүрэн дайчилж чаддаггүй. Сэтгэл зүйн болон бие махбодын дарамтад байгаа хүн бүтээмжтэй ажиллах боломжгүй шүү дээ. Дарамт, хүчирхийллээс болоод манай улсад хэдэн тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал учирч байгааг судалсан нь бий. “Энэ нийгэм эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд л гээд эрчүүдийг хайхардаггүй” гэх нь дэндүү хөнгөн дүгнэлт. Тиймээс бидэнд хийх ажил их байна.
Д.Хүслэн