
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв хамтран хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин ирсэн хүүхдүүдийн нөхцөл байдлыг судалжээ. Судалгаанд 500 өрхийн 961 хүүхдийг хамруулсан бөгөөд этнографын болон бүлгийн ярилцлагын аргаар өгөгдлийг баяжуулж, үр дүнг сайжруулсан байна.
Судалгааны үр дүнд хот руу шилжих хөдөлгөөн хүүхдийн боловсрол, хөгжилд илүү олон боломж нээж байгаа ч шинэ төрлийн эрсдэл, тэгш бус байдлыг бий болгож буйг мөн харуулжээ. Сонирхолтой нь, хөдөөнөөс Улаанбаатар хот руу шилжин ирсэн өрхүүдийн хамгийн гол шалтгаан нь хүүхдийн боловсрол (39.2 хувь) байсан бол үүний дараа ажил эрхлэлт (35 хувь) орсон байна. Өөрөөр хэлбэл, шилжилт хөдөлгөөний цаана эцэг эхчүүд зөвхөн өөрсдөдөө ажил хайх бус, хүүхдэдээилүү сайн боловсрол эзэмшүүлэх хүсэл хүчтэй байгаа аж. Түүнчлэн тэдгээр хүүхдийн 16 хувь нь Улаанбаатарт ганцаараа шилжин ирсэн нь хамгааллын онцгой анхаарал шаардлагатай бүлэг байгааг харуулжээ.
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа ч 12.2 хувь нь хотод шилжин ирснээс хойш боловсролд ньдэвшил гараагүй гэж хариулсан аж. Мөн 54 хувь нь сүүлийн нэг жилд урлаг, спортын ямар нэг дугуйлан, секцэд огт хамрагдаагүй. Шилжин ирсэн өрхүүдийн 35 хувь нь түрээсний сууцад, 40.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийтдээ 818 652 хүн аймаг, сумуудаас Улаанбаатар хот руу шилжин ирсэн нь 2024 оны нийслэлийн нийт хүн амын 48.8 хувьтай дүйхүйц дүн гэнэ.