Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчууд болон эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж буй иргэд, мөн гадаадад суралцах, ажиллах сонирхолтой залуусыг нэгтгэсэн “Mongolian Diaspora festival 2026” нь соёл, мэдээлэл, бизнес, хамтын ажиллагааны нээлттэй арга хэмжээ юм. Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбооноос санаачлан Гадаад хэргийн яам, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулах энэ жилийн арга хэмжээний онцлох хөтөлбөр нь “Diaspora forum” аж.
Форумын үеэр хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд өөрсдийн түүх, туршлага, сургамжаа хуваалцахын зэрэгцээ эх орондоо эргэн ирж ажиллах, бизнес эхлүүлэх, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар үнэ цэнтэй мэдээлэл хүргэх гэнэ. Мөн фестивалийн хүрээнд соёл, урлагийн тоглолт, боловсрол, карьерын талаарх мэдээлэл, зөвлөгөө, аялал жуулчлал, бизнесийн байгууллагуудын үзэсгэлэн зэрэг олон талт хөтөлбөр байх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн монголчуудтайгаа шинэ хүрээлэл, холбоо үүсгэх боломжтой. Энэхүү арга хэмжээг “Монголдоо уулзацгаая” уриан дор ирэх сарын 1-нд Чойжин ламын сүм музейд зохион байгуулна.