
Нийслэл Улаанбаатарт сүүлийн өдрүүдэд нэг төрлийн хар хорхой хотын төв, зуслангийн бүс гэлтгүй хаа сайгүй олширсон талаар иргэд нийгмийн сүлжээнд мэдээлэл хуваалцсаар байна. Энэ нь жил болгоны тодорхой мөчлөгт тохиодог байгалийн жир үзэгдэл бөгөөд цаг агаар эрс тэс болох буюу хэт халах, борооших үед шавжийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн идэвхэждэг зүй тогтолтойг судалгааны байгууллагынхан мэдээлэв. Ойрын өдрүүдэд манай орны нийт нутгаар хэт халж байгаа нь царцаа, шавж олшрох гол шалтгаан болжээ.
Нийслэлд элбэг үзэгдэх болсон шавж нь газар цох (carabidae) гэнэ. Тус шавж гэрэл, дулаанд татагддаг бөгөөд хүн, амьтанд ямар нэгэн хор нөлөөгүй, санамсаргүй, ховор тохиолдлоор бага насны хүүхдийн чих рүү ордог гэдгийг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс анхааруулав. Иймд ташаа мэдээлэл түгээж, байгалийн жамаар нэг газраас нөгөө рүү нүүдэллэж, идэш тэжээл эрж буй шавжнуудад дайсагнахгүй байхыг иргэдэд зөвлөлөө.
Гэртээ цох оруулахгүй байя гэвэл гэрэлтүүлгээ багасгах, цонх, хаалгандаа тор хийх, орчноо цэвэр, чийггүй байлгах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой аж.