Сур харвааны төрлүүдээр бэлтгэл хийдэг залуусаас ур чадвар, авьяасаараа үндэсний спортод хүч түрэн орж ирсэн харваач бол Баян-өлгий аймгийн Алтай сумын уугуул, ‘’Өлгийн мэргэчүүд’’ багийн харваач Н.Алтантулга. Тэрбээр энэ жилийн наадмын буриад сурын харваанд 48 сумнаас 47 онож, гурав дахь удаагаа тэргүүлэн Хүүхэрэй мэргэн цол хүртсэн. Өмнө нь 2018 онд Үндэсний их баяр наадмын элхарваанд анх удаа түрүүлсэн бол дараа жил нь тэргүүн байрт шалгарч буриад сурын хошой мэргэн болсонюм. Урианхай, үндэсний сураар давхар хичээллэдэг тэрбээр 2022 оны баяраар цэц сорихдоо үндэсний сурын харваанд 40 сумнаас 36 онож, улсын онч харваач цол хүртэж байв.
-Буриад сурын харваанд гурванудаа түрүүлж, Хүүхэрэй мэргэн цол хүртсэн харваач цөөн. Та энэ жилийн наадмаар түрүүлж, тэдний нэг боллоо.
-Баярлалаа. Хоёр жилийн өмнө (2024 онд) миний төрсөн ах Н.Алтансүх улсын наадмаар Ховд аймгийн харьяат Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяртай тэргүүн байрын төлөө товхлон түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн бол би энэ удаа буриад сурын харваанд гурав дахь удаагаа тэргүүлж байна. Миний эхнэр Л.Мөнхзул үндэсний сур харваанд таван харваачтай мөн товх харваж үзүүрлэн Монгол Улсын гарамгай мэргэн цолны болзол хангалаа. Ийм сайхан амжилт гаргаж яваагаа аавын минь буян гэж боддог. Аав минь амьд сэрүүн байхдаа хөвгүүдээ дэмжин, сурын спортоор хичээллүүлэхдээ тууштай байгаарай гэж захисан. Тиймээс сургаал, захиасыг нь биелүүлж, амжилт гаргахын төлөө хичээж ирлээ.
-Ахыг тань түрүүлдэг жил үзэгчид Баян-Өлгий аймаг шинэ мэргэн угтаж авах уу, Ховдынхон улсын дархан мэргэн цолтонтой болох уу гээд ярилцаж суусныг санаж байна. Тэр жил ахдаа баяр хүргэхээр өөдөөс нь догдлон гүйж яваа таны зураг нэг хэсэгтээл олны анхаарлыг татсан.
-Товх харваа ахыг минь улсын цолтон болох, эсэхийг шийдвэрлэх чухал мөч байсан. Би дотроо түрүүлчихээсэй гэж бодож, залбирч зогссон. Түрүү харваачаар тодроход нь өөдөөс нь баярын нулимстай гүйж яваа агшныг гэрэл зурагчид дуран авайдаа буулгасан нь тэр үед олны сонирхлыг их татсан юм билээ. Одоо ч тэр зургийг хүмүүс үзэх дуртай. Наадмын өмнө нүүр номдоо тавьж, нэгэндээ баярын мэнд дэвшүүлж харагддаг.
-Энэ жил халх сурын харваанд эхнэр тань дэд байр эзэлсэн. Наадмаар гэр бүлээрээ сур харван түрүүлж, удаална гэдэг ховорхон тохиох боломж шүү дээ.
-Бид нэг нутгийнх. Гэрлээд нэг жил болж байна. Манайх нэг хүүтэй. Хүү минь аав, ээждээ амжилт, бүтээл, цол хэргэм аль алийг нь авчирлаа. Улсын наадмын харваанд гэр бүлээрээ амжилт гаргана гэдэг ховорхувь тохиол юм. Энэ мөчид аавын минь үр хүүхдүүддээ өвлүүлсэн гал голомт агуу хүчтэй юм гэж бахархлаа. Үр хүүхэд нь болж төрсний хувьд эцэг, эхийнхээ нэрийг өндөрт өргөж, наадамчин олонд хүндлүүлж яваадаа талархдаг. Миний хувьд төрийн наадмаар 13 жил тасралтгүй цэц сорилоо. Би айлын бага хүү. Отгон бэр нь амжилттай харваж, цолны босгоор алхахыг аав минь тэнгэрийн орноос хараад баярласан биз ээ. Хүүгийнхээ төрсөн жил ханьтайгаа хамт улсын баяр наадмын харваанд амжилттай харваж түрүүлсэндээ баяртай байна. Хүү минь том болоод аав, ээжээрээ бахархах байх.
-Ах нь дүүгээ түрүү харваачаар тодрохын өмнө хэрхэн зөвлөв.
-2024 оны наадмаар ах минь түрүүлэхдээ “Олон жил сур харвасны үр дүнд түрүүллээ. Миний багш бол төрсөн дүү минь. Л.Отгонбаяр мэргэнтэй товх харваж үзэх сэн, товхоо авбал гоё байх даа гэж боддог байлаа. Бодсон зорилгодоо хүрлээ” гээд сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Харин би энэ жил буриад сурын харваанд тэргүүлэх зорилготой цэц сорьсон. Өмнө нь 2018, 2019 оны наадмаар түрүүлж байв. Ах надад “Хоёр түрүүлсэн дүүдээ би юу зөвлөхбилээ. Гурав дахь удаагаатүрүүлэх боломж чамд ойрхон байна. Зурхайд гараад сайхан харваарай” гэж хэлсэн. Энэ удаа ахынхаа дутууг дүү нь гүйцээлээ. Сүүлийн жилүүдэд ах үндэсний сур харвааны эхний таван байрт шалгарч байна. Энэ жил мөн IV байрын төлөө товх харвасан. Наадмын урианхай, буриад, халх сур харваанд Баян-Өлгий аймгийн харваачид түрүүлж, наадамчин олны талархлыг хүлээлээ. Миний удирдлагад нутгийн маань харваачид наадмын бэлтгэлээ базаасан. Манай галынхнаас төрийн наадамд нэг түрүү, үзүүр, айраг авч сайхан наадлаа. Тэдний дунд ирэх жилийн наадамд түрүүлэх харваач цөөнгүй бий. Энэ удаа шилдэг харваачдын ур чадвараас суралцаж туршлага хуримтлуулсан байх. Хойтон жилийн наадамд түрүүлүүлж, үзүүрлүүлэхийн төлөө би ч бас харваачидтайгаа нэг бүрчлэн тулж ажиллана.
-Буриад сурын харваанд 300 гаруй харваач цэц сориход Алтай сумаас ирж оролцсон олон харваач харагдана билээ.
-Ах, бид хоёроос гадна манай сумын харваачид ирж оролцсон нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Өөрийгөө магтаж байна гэж битгий бодоорой. Би хүнд зааж зөвлөх, сургаж бэлдэх тал дээр авьяастай. Тэр их өрсөлдөөнөөс шалгарч, хэдэн жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлээ наадамчин олонд хоёр өдөр харуулж, түрүүлнэ гэдэг хэцүү. Миний хувьд өөрөө цэц сорихоос гадна эхнэр, ахынхаа харваанд анхаарал хандуулж, санаа тавих гээд наадмын өдрүүдэд завгүй байдаг. Эхнэртээ өнгөрсөн жил “Ирэх жилийн наадамд чамайг цол авах хэмжээнд сайтар бэлдэнэ” гэж хэлсэн. Тэр ч хэрээрээ хичээж бэлдээд улсын гарамгай харваач цолны босгоор алхууллаа. Бид хүүтэй болоод удаагүй байна. Хүүгээ нэг сар гаруйтай байхад нь наадмын бэлтгэл базаахаар “Харзтай”-д гарсан. Харзтайнам бол бөх, харваачдын бэлтгэлээ базаадаг хамгийн сайхан байгальтай газар. Бэлтгэл сургуулилалтын чухал үед хадам аав, ээж минь хүүг минь асран халамжилж бидэнд маш их тус дэм болсон доо.
-2026 он таны хувьд гал голомтоо бадраан, үр хүүхдээ өлгийдөн авч, өөрөө түрүү харваачаар тодорч, эхнэрээ улсын цолд хүргэсэн өөдрөг жил болж байна.
-Эхнэр, бид хоёр төрийн наадамд амжилттай харваж, улсынхаа Ерөнхийлөгчөөс цол, тэмдгээ гардан авч, амьдралдаа мартахааргүй дурсамж үлдээлээ. Наадмын өдрүүдэд би аав, ээжээрээ их бахархдаг. Тэд минь нутагтаа нэр хүндтэй, цайлган, хүнд тусархуу сайхан сэтгэлтэй улс байсан. Хөвгүүд нь үндэсний сурын харваатай нөхөрлөж, хожим нь улсын цол хүртэж ачийг нь хариуллаа. Миний буриад сур харваанд цэц сорьсон шинэ нумыг Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр урлаж, сумыг маань нум урлаач Б.Энхсайхан хийсэн. Манай сумын уран гартай нум, сум урладаг Г.Баянмөнх ах наадмын өмнө надад энэ жил цолоо ахиулаарай гэж таван шинэ сум хийж явуулахад нь их баярласан.
-Хамт олноос тань наадмын өдрүүдэд таны цэц сорихыг харахаар ирдэг үү?
-Ирэлгүй яах вэ. Наадам үзэхээр сурын талбайд ирж, намайг дэмждэг юм. Би одоо тус сургуульд харуул, үйлчилгээний ротын салааны захирагчаар ажилладаг. Байгууллагын маань удирдлага, хамт олон ойлгон дэмжиж, бэлтгэл сургуулилалт хийх чөлөө олгож, тэмцээнд оролцуулдаг. Тус сургуулийн дарга, бригадын генерал П.Жаргалан миний ажил, амьдрал, амжилтыг сайн мэднэ. Дарга маань намайг бүх талаар дэмжиж, амжилт гаргах боломжоор бүрэн хангадаг. Намайг Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод ирэхэд П.Жаргалан генерал уриалгахан хүлээн авч, ҮБХИС-д элсүүлэн сургаж, дараа нь ажилд авсан. Энэ хүний ачаар би сургуулиа амжилттай төгсөж, үндэсний спортод амжилт гаргаж явна. Тэрбээр ах нараас минь өөрцгүй хандаж, амьдралд минь түшиг тулгуур болж, зааж зөвлөж ирсэн. Тиймээс түүний ач тусыг дурдахгүй байхын аргагүй.