Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар П.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. П.Баатарсүрэн нь 2007 оны зургадугаар сарын 13-нд “Аэро Монголиа” компанийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэх 2000 ширхэг хувьцааг “Моннис интернэйшнл” ХХК-д хоёр сая 200 мянган ам.доллараар худалдах, худалдан авах гэрээ хийж, “Хувьцаа эзэмшигчийн гэрээ” байгуулан шилжүүлжээ. Ингэхдээ “Аэро Монголиа” ХХК-иас бусад аж ахуйн нэгж, байгууллагад төлвөл зохих 2.3 тэрбум гаруй төгрөг, 228.5 мянган ам.долларын өр төлбөртэй болохоо нуун дарагдуулж залилан “Моннис интернэйшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатарт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх П.Баатарсүрэнд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзээд чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Давж заалдах болон хяналтын шатны шүүх П.Баатарсүрэнд оноосон хорих ялыг хэвээр үлдээжээ.