Эрүүгийн ертөнцөд “Шар” Энхээ гэж алдаршсан “Хөх Монгол” компанийн захирал Э.Энхбатыг хууль хяналтын байгууллагынхан өнгөрсөн хавар гэгээн цагаан өдрөөр гудамжинд баривчилж дуулиан дэгдээж байв. Э.Энхбат хувийнхаа “Мерседес Бенз G-500” загварын 24-88 УБЦ улсын дугаартай автомашинтайгаа явж байхад нь манай хууль хяналтын байгууллагынхан адал явдалт кинонд гардаг шиг баривчилсныг автобусны цонхоор олон хүн харсан байдаг. Түүнийг тухайн үед Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн сэжигтнээр саатуулсан юм. Түүнээс гадна хууль бусаар ан хийсэн, галт зэвсэг хууль бусаар авч явсан үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад илэрч, Дүүргийн I прокурорын газраас Эрүүгийн хуулийн 185, 192, 203 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Э.Энхбат болон түүнтэй хамт явсан Ш.Амармэнд, Э.Ширбазар нарт холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүх Э.Энхбатын хууль бусаар ан хийсэн хэрэг нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнийг байлдааны галт зэвсэг, тусгай хэрэгсэл хууль бусаар хадгалсан хэрэг нь нэг жил, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан үйлдэлд нь нэг жил зургаан сар хорих ял оноож, нийт хоёр жил зургаан сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Э.Энхбаттай хамт мансууруулах бодисын хэрэгт холбогдсон Ш.Амармэнд, Э.Ширбазар нарын өмнөх буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор ногдуулсан ялаас эдлээгүй үлдсэнийг нь нэмж нэгтгэн шүүгдэгч Ш.Амармэндийг нийт таван сар 20 хоног, Э.Ширбазарыг зургаан сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, цагдан хоригдсон хоногийг нь тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцжээ. Дээрх хоёр хүн өмнө нь төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн хэргээр баривчлах ял шийтгүүлсэн юм байна.