Унадаг дугуйчин Ч.Мөнгөндалай 2014 оны 06 сарын 07 – ны өдөр Улаанбаатар хотоос гарч Монгол улсын баруун аймгуудаар 5500 км тойрон аялахаар аян замдаа гарсан билээ. Түүний аялал 98 дахь хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн 1 000 дахь км-тэй оржээ.
Ч. Мөнгөндалай хөгжлийн бэрхшээлтэй залуусыг хүсэл мөрөөдөлтэй байж түүндээ хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй байвал зорилгодоо хүрэхэд юу ч саад болдоггүйг олон залууст нотлон харуулах зорилготой энэхүү аялалдаа гарсан байна.
Одоогоор Хөвсгөл аймгийн нутагт Мөрөн суманд ирээд байна. Тэндээ 2 хоног буудаллаад Ханх сум руу аяллаа үргэлжлүүлж Хөвсгөл далайд усан завьтай аялал хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүнийг Хөвсгөл аймгийн залуучуудын холбооны дарга Б.Мөнгөн–Эрдэнэ, тэргүүлэгч гишүүд, засаг даргын тамгын газрын холбогдох удирдлагууд угтан авсан байна.