Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд энэ есдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын 60 залуу манайд айлчилж байгаа юм. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй залуус багтсан томоохон хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог ажээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын Бизнес уулзалт өнгөрсөн долоо хоногт Гадаад хэргийн яаманд зохион байгуулагдсан юм. Бизнес уулзалтын үеэр 2 орны залуус хэрхэн хамтран ажиллаж болох, 2 орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцон,санал бодлоо илэрхийлэн, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж харилцан туршлага солилцлоо.