Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Шаамар сумын Дулаанхаан тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханыг 24 цагийн бүлэг байгуулсных нь төлөө хууль бусаар ажлаас халсан талаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд цэцэрлэгийн насны 227 хүүхэд байдгаас 186 нь цэцэрлэгт хамрагддаг байна. Х.Өлзийсайхан нь 2013 оны хоёрдугаар сараас эхлэн 30 гаруй хүүхэдтэй 24 цагийн бүлэг нээн ажиллуулсан ч Засаг дарга С.Бүрэнбат нь түүнийг дур мэдэн ийм бүлэг нээн ажлуулсан хэмээн ажлаас халсан гэнэ. .
Цэцэрлэгийн эрхлэгч, Х.Өлзийсайхан: “ Цөөн ч болов хүүхдийг цэцэрлэгт хамруулсныхаа төлөө хууль бусаар халагдлаа. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хүүхдийн төлөө явсан хүнийг дарамтлан яллаж, гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ. Энэ талаар Х.Өлзийсайхнаас зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг халахдаа ямар үндэслэл тавьсан бэ?
-Намайг зан харьцаа ёс зүйн доголдолтой, Төсвийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан. Зүй нь аймгийн Боловсролын газрын дэргэдэх 10 хүнтэй мэргэжлийн багийн бүрэлдэхүүн ёс зүйн дүгнэлт гаргах ёстой. Хэрэв тухайн багш ажилтан ёс зүй зөрчсөн нь тогтоогдвол зохих шийдвэр гарах учиртай. Гэтэл Засаг дарга хууль ёсны дагуу Боловсролыг газрын ёс зүйн зөвлөлд хандах ёстой байсан ч тэгээгүй.
-24 цагийн бүлэг нээн ажиллуулж, өр авлага үүсгэсэн шалтгаантай гэж та ярьсан. Энэ өр ямар учиртай юм бол?
-Энд хүүхдийн хоолны зардлын асуудал хөндөгдөөд байгаа. Өдрийн бүлгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг байдаг. 24-н бүлгийн хүүхдийн хоолны зардал хоногт 2400 төгрөг байдаг. Харин 24 цагийн бүлгийн хүүхдийн хоолны зардал өдрийн хүүхэдтэй адил 1650 төгрөгөөр төсөвлөгддөг ч зохих норм стандартын дагуу тухайн бүлгийн хүүхдүүдэд өдөрт 2400 төгрөгийн хоол өгдөг байсан. Үүнээс л зөрүү зардал гарч, тодорхой хэмжээний өр авлага үүссэн. Гэхдээ энэ бүхнийг улсад болоод аж ахуйн нэгж хувь хүмүүст хохирол учруулалгүйгээр өр авлагыг бүрэн дуусгасан. Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс томилогдсон Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагч шинжээч, Улсын байцаагчийн дүгнэлт гарч, ямар нэгэн санхүүгийн зөрчилгүй гэдгийг тогтоосон гэв..
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатаас тодруулахад:
“Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн ажилчид Г.Өлзийсайхны талаар удаа дараа гомдол ирүүлсэн. Ажлын байран дээр дарамталдаг, хүнийг шахаж зээл авахуулдаг, ажлын байран дээр согтуурдаг гэсний дагуу удаа дараа гомдол ирсний дагуу зургадугаар сард ажлын хэсэг гарган шалгуулж, ийм асуудал байгааг тогтоон, анхааруулга өгсөн. Гэтэл сая дахин гомдол ирсэн тул дахин ажлын хэсэг гарган шалгуулсны үр дүнд ажлаас халах шийдвэр гаргасан. Улмаар хууль зөрчиж, ёс зүйн доголдол гаргасан нь баримтаар нотлогдсон. Тиймээс ийм шийдвэр гаргасан