Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой "Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн хичээлийн шинэ байр болон хичээлийн жилийн нээлт боллоо. Тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиуд болох MIT, Токиогийн их сургуулийн инженерийн хөтөлбөрийг загвар болгон ашиглаж, дэлхийн стандартад нийцсэн мэдлэгийг Монгол оюутнууддаа олгохоор зорьж буй. "Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн ТУЗ-ын дарга Ж.Галбадрал "Анх сургуулиа түшиглэн технологийн дээд сургууль байгуулах саналыг БШУ-ны сайд бидэнд тавьж байсан. Бидэнд урам, зориг өгч, зөвшөөрөл олгон, дэлхийн хэмжээний чадварлаг инженер бэлтгэх их үйлсэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн БШУ-ны сайд болон БШУЯ-ны нийт хамт олонд талархсанаа илэрхийлье" гэв.
Тус сургууль бакалаврын найм, магистрын дөрвөн мэргэжлийн хөтөлбөрийн дагуу 105 оюутан элсүүлж, сургалтаа эхлүүллээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр "Эл сургуульд элссэн залуу инженерүүд удахгүй өөрсдийн технологиороо дэлхийд танигдаж, Монголоос Нобелийн шагналтан олон төрнө гэдэгт итгэлтэй байна" гэв.