“Гудамж” төслийн хүрээнд “Монос”-ын уулзвараас Нисэх, Сонсголонгийн уулзвар хүртэлх 5.5 км авто замыг “Арц суврага”, “Бадрах ойл” ХХК өргөтгөн шинэчилж буй. Хоёр урсгал бүхий дөрвөн эгнээ хүнд даацын тус замыг цемент бетоноор хучиж байгаа. Ингэхдээ “Арц суврага” ХХК Германы “Wirtgen” брэндийн техник ашиглаж байгаа бөгөөд ажлын явц болон технологио өчигдөр танилцууллаа. Цемент бетонон хучилттай замыг тавихдаа дөрвөлжлөн, хэлбэрт оруулсан төмрөө газраас 16 см хөндийлж, дээрээс нь бетон зуурмагаа тараана. Үүний дараа SP500 хэвлэгч машинаар бетоноо нягтруулан дэвсдэг юм билээ. Бетон нь үйлдвэрээс жигд биш гардаг учраас гараар өнгөлөх аж. Бетон гөлгөр байвал машины дугуй гулгах эрсдэлтэй тул машинаар барзгар болгож, бетоныг хагарахаас хамгаалж бодис цацав. Ингэснээр 24 см зузаан зам бэлэн боллоо.
“Арц суврага”-ынхан бетон зөөдөг тэвшээ өөрсдөө хийсэн гэнэ. “Арц суврага” компанийн талбайн инженер Б.Болдхуяг “Манайх “Оюутолгой” компанийн “Ханбумбат” нисэх онгоцны буудлын замыг энэ технологиор тавьсан. Бид энэ замдаа гурван жилийн баталгаа өгнө. Ер нь бол 60 жилийн настай. SP 500 хэвлэгч машин нэг минутад зургаан метр хүртэл бетон дэвсэх хүчин чадалтай ч одоо бол нэг минутад нэг метрийг дэвсэж байна” гэв. Сонсголонгийн хуучин зам нь 1972 онд ашиглалтад орсон, 20 см зузаан, долоон метр өргөн бетонон хучилттай байсан аж. Замыг хуулж, шинээр тавих ажил өнгөрсөн наймдугаар сард эхэлжээ. Анх зураг төслийг асфальтан хучилттай замаар төл өвлөсөн учраас түүнийг нь өөрчлөхөөс эхлээд ажил их байсан гэнэ. Сонсголонгийн энэ 5.5 км замд дэд бүтцийн 110 шугам байдаг. Энэ бүгдийг солих нь замын өртөг болон хугацаанд нөлөөлжээ. “Гудамж” төслийн захирал Б.Батболд “Энэ замаар хүнд даацын авто машин их явдаг, ачаалал ихтэй байсан. Иймээс Эдийн засгийн хөгжлийн яамны шийдвэрээр монголчууд өөрсдөө анх удаа бетонон зам тавьж байна. Хуучин замын бетоныг хуулж, суурь хөрсийг авч, шинээр дэвссэн учраас энэ зам өндөр өртгөөр бүтэж байгаа. Урьдчилсан байдлаар 23 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Бид бетонон зам шаардлагатай газруудыг судалж байна” гэлээ.Цемент бетонон хучилттай зам нь эдэлгээ удаан, урсгал засвар хийх шаардлагагүйгээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаагаараа онцлогтой. Учир нь төмөр, цемент, шороо гээд бүх түүхий эдийг дотоодоосоо авч, тус замыг тавьж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт 100 хувь Монголдоо үлдэх юм.
“Арц суврага” ХХК-ийн захирал Ш.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Бетонон зам асфальтан замаас өртгийн хувьд хэр үнэтэй вэ?
-Ер нь ойролцоо. Бетоны зузаан 24 см болохоор тодорхой хэмжээгээр өндөр өртөгтэй болж байгаа. Үнэ дагаад ашиглах хугацаа уртсаж, эдийн засгийн өгөөжөө өгнө.
-Нэг метр замд хэдий хэр бетон ордог вэ?
-Найман шоо метр бетоноор метр гаруй зам тавина.
-Ажлын явц хэдэн хувьтай байна. Хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Уг зам хоёр талдаа явган хүний болон дугуйн замтай. Төлөвлөснөөс бага зэрэг хоцорч байна. Энэ нь зураг төсөл өөрчлөгдсөн болон инженерийн шугам сүлжээ солих гэх мэт ажлаас болсон. 2014 ондоо багтаан нэг талынх нь зорчих хэсгийг ашиглалтад оруулна.
-Бетон хатахад удах уу?
-Найман цагийн дараа дээр нь гарч технологийн хөрөөдөлт гэх мэт ажил хийх боломжтой.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ