Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэр холбогдсоноороо олны анхаарлыг татсан Г.Сарангэрэл, Т.Халиун нарын таван хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 28-нд хэлэлцээд Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сараас нэг жил найман сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн юм. Харин тэдэнд хар тамхи худалдаж байсан Тэгшбаярын Халиун гэх залууг удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн учраас онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож, шүүхээс онцгой дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх Т.Халиун, Г.Сарангэрэл болон тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.