Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд гаргасан юм. Б.Бямбаа нь тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд бариулсан гурван давхар дутуу барилгыг ХААИС-ийн мэдэлд шилжүүлэхдээ дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулан гэрээ хийлгэж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж, “Химон констракшн”, “Ариун ар” ХХК-ийн данс руу шилжүүлж, 808 сая төгрөг гаргуулан авчээ. Улмаар гурван давхар дутуу барилгаа Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр сургуулийн хөрөнгөнд бүртгүүлж сургуульд хохирол учруулан завшсан, “Химон Констакшн”-аар 2009 онд бариулсан орон сууцнаас завшиж хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдсон юм. Уг хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.