Аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар” нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон аялал жуулчлал, соёл урлаг, биеийн тамирын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нийт 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга УИХ-аар батлуулсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг оролцогчдод танилцууллаа. Уг төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот 2020 онд хоёр сая, 2030 онд гэхэд таван сая жуулчин хүлээж авах бүх боломж бүрдэнэ гэж тооцож байгаагаа хотын дарга онцлон хэлсэн юм. “Бид аялал жуулчлалыг хөгжүүлж чадаагүйгээс өнөөдөр эдийн засгийн хүнд байдалд ороод байна. 2013 оны жишээгээр давхардсан тоогоор манай улсын хилээр 1.6 сая иргэн гарсан бол 410 мянган жуулчин, зочин, ажиллах хүчин иржээ. Үүний сөрөг нөлөө нь манай эдийн засгийн нөөц гадагшаа урсаж буй явдал. Тиймээс бид энэ үйл явцыг зогсоохын тулд аялал жуулчлалыг шинэ шатанд гаргаж, цогцоор нь хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” төслийг боловсруулсан” хэмээн тодотгов.
Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд жил бүр 35 орчим тэрбум төгрөг зарцуулна
Хөтөлбөрийг ирэх 22-нд НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. “Найрсаг Улаанбаатар”-ын гол зорилго болох Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог таван саяд хүргэхийн тулд жил бүр Соёл урлаг, спортын үйл ажиллагаанд нийслэлийн төсвийн таван хувь буюу 35 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг байхаар тооцжээ. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хангалттай хөрөнгө шийдвэрлэж байгаагүй бөгөөд 2012 оноос өмнө нэг хүртэл тэрбум төгрөгийг зарцуулж ирсэн байна. Нийслэлийн тооцоолж буйгаар 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авсан тохиолдолд Улаанбаатар хотын ДНБ-ийг 2,5 дахин нэмсэнтэй тэнцэх, таван тэрбум ам.долларын борлуулалт хийнэ хэмээн тооцоолж байна. Ингэснээр манай улсын эдийн засаг 2.5 дахин нэмэгдэж, айл өрх бүр ажилтай орлоготой болох боломж бүрдэнэ гэсэн үг юм. Энэхүү хэтийн зорилтод хүрч, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхдээ нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлал, соё урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийнхэн цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар талууд харилцан зөвлөлдсөн бөгөөд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэхийлэв.