Залуус төлөвлөгөөгүй гэр бүл зохиосны улмаас гэр бүл салалт нэмэгдэх болсон. Энэ нь нөхөн үржихүйн талаарх мэдлэг мэдээлэл бага байдгаас үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Дэлхийн хүн амд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх чиглэлээр 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооны Монгол Улс дахь гишүүн “Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг” нь 1994 онд байгуулагдсанаас хойш 20 жил болжээ. Ойн хүрээнд Өмнөговь, Дорнод, Орхон, Өвөрхангай, Төв, Дорноговь аймаг, Булган аймгийн Сайхан сум, Архангай амгийн Хашаат сумын сурагчдын дунд 2014 оны есдүгээр сарын 16-18 –ны хооронд бэлгийн амьдарлын мэдээлэл мэдлэг олгох “Залуусын хүч-төсөөлөөс хүчтэй” , “Нийгмийн эрүүл мэнд-бидний оролцоо”, “Сайн засаглал, ил тод байдал” зэрэг сэдвээр сургалт зохиосон байна.
Энэ үеэр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдийн жирэмслэлт ихэссэн гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?
- Манай нийгэмлэг 2005, 2008, 2010 онуудад хүүхэд залуусын дунд нөхөн үржихүйн мэдлэг ямар байгааг салбар газруудтай хамтарч судалгаа хийсэн. Тус судалгаагаар өсвөр үеийн залуучууд бэлгийн замын халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг нь тогтоогдсон. Нөгөө талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний газруудын харилцаанаас шалтгаалж ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд ичих, санаа зовох хандлага байдаг нь ажиглагдсан. Залуучууд сүүлийн үед гэр бүл төлөвлөлтийн тал дээр харьцангуй мэдээлэл сайтай болсон. Залуучууд хэдэн насандаа гэр бүл зохиовол тохиромжтой болон нөхөн үржихүйн зөвөлгөөг манай төвөөс өгдөг.
Сүүлийн үеийн статистик судалгааг харвал, өсвөр насны жирэмслэлт буурсан ч энэ жил эргээд өсөх хандлагатай болсон байна. 19-өөс доош насны хүүхдийг “өсвөр насны ээж” гэж нэрлээд байгаа юм. Тэдний эрхийг хамгаалах, зөвлөгөө өгөх иргэний нийгэмлэгийн байгууллагууд ажилладаг.
-Залуучуудад ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Хэдэн насандаа хүүхэдтэй болох нь тухайн хүний эрх хэдий ч хэдийд жирэмслэвэл тохиромжтой, эмэгтэй хүн гэр бүлтэй болхоос өмнө сэтгэл санааны болон бие махбодийн ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй зэрэг гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн мэдээллийг өгдөг. 20-30 насанд хүн гэр бүлтэй болвол хамгийн тохиромжтой байдаг. Харин үүнээс эрт гэр бүлтэй болбол дагалдах эрсдэлийг бодож үзэх хэрэгтэй юм.
-Танай байгууллагын 20 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд залуучууд руу чиглэсэн ямар ажил хийсэн бэ?
-14 аймагт салбарт газруудаа байгуулж, нөхөн үржихүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний төв байгуулсан.
Алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, жилд 3-12 мянган хүнийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулсан. Хамгийн анх “Өсвөр залуу үеийг гэр бүлд бэлтгэх нь” гарын авлагаа гаргасан гээд олон ажил хийсэн. Сүүлийн таван жилд залуу хосын салалт ихсэх хандлагатай байна. Тиймээс тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж байна.
М.Болорцэцэг