“Херо” энтертайнментын уран бүтээлчдийн өнгөрсөн хавар бэлтгэсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” гэх дугаар нь улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон талаар өнгөрсөн зургадугаар сард сэтгүүлчдэд мэдээлсэн билээ. Дээрх нэвтрүүлгээр зарим хүнийг эрлийз хурлийзаар нь дуудаж, нийгэм ч түүнээс болж талцахад ойрхон байсан. Ялангуяа олон нийтийн сүлжээгээр талцсан нь илт байсан юм. Тиймээс Тагнуулын ерөнхий газраас “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” гэсэн дугаар нь үндэсний аюулгүй байдалд харшилсан, эв нэгдлийг бусниулах гэсэн агуулгатай байж болзошгүй хэмээн уг нэвтрүүлгийг бэлтгэсэн уран бүтээлчид болох “Херо”-гийн Б.Баатар нарыг эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнээр тооцон шалгасан юм. Мөрдөн байцаалтын явцад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн агуулгагүй, нэвтрүүлгээс болж ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн уран бүтээлчдэд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.