Нийслэлийн прокурорын газраас нийслэл, дүүргийн Прокурорын газрын хяналтад байдаг хорих ангиудад шалгалт хийжээ. Энэ шалгалтаар хүмүүжигчээс хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг шалгасан аж.2014 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн ойр орчмын хорих ангиудад ял эдэлж буй 2327 ялтан 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаанд гаргасан байна. Түүнээс 1840 нь хорих ангиудын өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал байсан гэнэ. 35 нь прокурорын байгууллагад хандаж, 562 өргөдөл, гомдол, хүсэлт нь ХЭҮК, шүүх зэрэг бусад байгууллагад хандсан байжээ.Шалгалтаар хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээж авахдаа зохих бүртгэл судалгаанд хамруулан, тэмдэглэл хийж, тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй, нийгмийн ажилтнууд ялтны гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг бүртгэлд бүрэн хамруулдаггүй, бүртгэл нь эмх замбараагүй, ойлгомж муутай бичсэн, хүмүүжигчдийн гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг тухайн ялтанд танилцуулж гарын үсэг зуруулдаггүй, хувийн хэрэгт нь хавсаргадаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Тиймээс нийслэл, дүүргийн Прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа хорих 401, 409, 429 дүгээр ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлжээ.