Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нийслэлийн 21 байршилд хэрэгжиж байгаа билээ.
Уг төслийг “Төслийн удирдах хороо” зохион байгуулж байгаа бөгөөд хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Орон сууцны VII хороолол орчмын Ё, В, К, Й хэсэгчилсэн талбайд хийгдэх автозамын барилга угсралтын ажлын хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж,
тухайн нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлж буй “Бэрэн” ХХК-ийн барьж байгаа орон сууц болон 300 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар дуулгалаа.
Шинээр ашиглалтад орж буй орон сууцны VII хорооллын иргэдийг тоосжилтгүй, эрүүл орчинд амьдрах, хатуу хучилттай авто замаар зорчих нөхцлөөр хангана. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд 2,03 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Төслийн удирдах хорооны гишүүд хэлэлцээд нийслэлийн төсвийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.