Сүүлийн үед бага насны хүүхэд алга болж байна гэх мэдээлэл олон нийтийн хуудас болох фэйсбүүкээр цацагдах болсон. “Олж өгч туслаач” гэх бичиг бүхий бяцхан хүүхдүүдийн зураг цахим ертөнцөөр тархаж байгаа.
Энэ нь нийгмийг айдаст автуулж байдаг нь нууц биш юм.
Эргээд эдгээр хүүхдүүдийг олсон эсэх мэдээлэл байдаггүй. Олдсон ч тухайн хүүхдийн зураг олон нийтэд дамжсаар байдаг. Энэ хүүхэд одоо хүртэл олдоогүй юм болов уу гэсэн эргэлзээ төрүүлдэг. Тэгвэл өнөөдөр энэ талаар Цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдэгдэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “2014 оны есдүгээр сарын 4-нд дөрвөн настай хүүхэд алга боллоо гэсэн мэдээллийг фэйсбүүк хуудастаа байршуулаад утасныхаа дугаарыг үлдээсэн байдаг. Гэтэл тухайн өдөр нь энэ хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид олоод өгсөн. Гэтэл өнөөдөр тухайн хүүхдийн алга болсон гэх зар фэйсбүүк хуудсаар цацагдсаар байна. Энэ зарыг өнөөдрийн байдлаар /өчигдөр/ 10443 хүн цааш нь шэйр хийсэн байх жишээтэй. Магадгүй 10 жилийн дараа ч энэ хүүхдийг эрэн сурвалжилж байгаа зар өөрт нь ирж болзошгүй. Тэгэхээр энэ нь эерэг, сөрөг хоёр талтай юм. Магадгүй хүүхдийн эрх яригдахыг үгүйсгэхгүй. Уг зарын үзсэн найзууд нь тэр хүүхдийг янз бүрээр хэлж, ад үзэхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Энэ нь тухайн хүүхдийн сэтгэлзүйд их хүндээр тусна. Тиймээс эцэг эхчүүд маань зар тавихдаа сайн бодолцож,, цагдаагийн байгууллагаас зөвөлгөө авах хэрэгтэй. Олон нийтийн зүгээс зайлшгүй туслалцаа авах шаардлагатай байгаа бол ашиглахыг үгүйсгэхгүй ” гэлээ.
Зарим эцэг эхчүүд үүнийг хэрхэн устгах талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Учир нь тухайн хүүхдийн ангийнх нь хүүхдүүд “тэнэмэл” зэргээр шоолж гоочилсон тохиолдол гардаг байна. Таны олон нийтийн сүлжээнд тавьсан зүйлийг та өөрөө устгасан ч цааш нь дамжигдсан зураг устгагдах ямар ч боломжгүй юм.

Иргэд тухайн хүүхэд олдсон эсэхийг утас руу нь залгаж баталгаажуулж байж цааш дамжуулахыг Цагдаагийн байгууллага энэ үеэр зөвлөж байлаа.
Цагдаагийн байгууллагад ердийн үед хүүхэд алга болсон мэдээлэл дунджаар 10-15 ирдэг байна. Наадам зэрэг баярын өдрүүдэд энэ тоо нэмэгддэг аж. Наадмын үеэр л гэхэд өдөрт 50 орчим хүүхэд төөрч, цагдаагийн байгуулага олж, эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгсөн байна. Оршин суугаа газраасаа алга болох, бүр ор сураггүй алга болох хоёр өөр ойлголт гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байлаа. Тухайлбал, насанд хүрэгчид 6-12 сар алга болох юм бол ор сураггүйд тооцно. Ихэнх тохиолдолд хүүхдүүдийн алга болох шалтгаан нь найз, нөхдийндөө , гадуур цахим тоглоомонд хонох, гэр бүлийн харьцаа, үл ойлголцол зэргээс болж түр хугацаанд гэртээ ирэхгүй байх зэрэг тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
Эцэг эхчүүд хүүхдээ “Юугаар ч дутаагаагүй байхад ингээд байх юм” хэмээн гайхдаг. Гэтэл бодит байдал дээр хүүхдийнхээ санхүүгийнх нь хэрэгцээг бүрэн хангачихаад хайр энхрийлэл, халамж тавихгүй байх тохиолдол их байдаг. Хүүхдүүд өөрсдөө гэр орноосоо дайжаад байна гэдэг тэдэнд ойр байх эцэг эхийн хайр халамж, сэтгэлийг нь ойлгох найз нөхөд үгүйлэгдэж байгаагийн илрэл юм.
Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд маргалдахгүй, аль болох дулаан уур амьсгалыг бүрдүүлж, цаг ямагт хүүхэдтэйгээ ярилцаж байх нь чухал юм. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Хүүхэд гэр бүл, сургууль гэсэн хоёр орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг. Сургуулийн орчинд мөн хүүхэдтэй тулж харьцах сэтгэлзүйчийн орон тоог бий болгох цаг хэдийнээ иржээ.
“Цагдаагийн байгууллагаас албан ёсоор олон нийтийн сүлжээнд зар тавьсан тохиолдолд тухайн хүүхэд олдсон даруйд эргэн мэдээлдэг байна. Харин эцэг, эх асран хамгаалагчид нь олон нийтийн сүлжээнд хувиараа зар тавьсан тохиолдолд хүүхэд нь олдлоо ч гэсэн эргэн мэдээлэх нь хомс байдаг.
Тэр ч бүү хэл хүүхэд алга болсон гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байхад хүүхэд нь эргээд ирсэн ч юм уу, өөрсдөө олчихлоо гэхэд бидэнд энэ талаарх мэдээллээ хэлдэггүйг” мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэллээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүүхдийн эд эрхтэнг авах зорилгоор хулгайлсан гэмт хэрэг нэг ч бүртгэгдээгүй байгааг цагдаагийн байгууллагаас хэллээ. Хэд хоногийн өмнө “Манай найзын хоёр хүүхдийг хар машинтай хүмүүс авч явах гээд, ээж нь гарч гүйгээд. Тэгсэн тэр хүмүүс туранхай юм байна гээд хүүхдүүдийг нь машиныхаа цонхоороо гаргаад шидсэн” гэх утгатай пост фэйсбүүк хуудсаар тараагдсан. Энэ постыг хоёр хоногийн дотор 430 хүн шэйр хийсэн байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, мэдээлэл түгээсэн иргэнтэй уулзсан байна. Тэгэхэд тэр эмэгтэйн нөхөр нь хөдөө ажилладаг, нөхөртэй нь хамт ажиллаж байсан хүний хажуу айлынх нь хүнд хоёр сарын өмнө тохиолдсон явдал гэж тайлбарласан аж. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага дахин шалгана гэдгийг хэллээ.
Цагдаагийн байгууллагаас хүүхэд олдсон даруй энэ талаар мэдээлэл өгч ажиллаж байгаа юм. Фэйсбүүк хуудсан дээр алга болсон хүүхдийн талаар мэдээлэл ирсэн тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын фэйсбүүк хуудсанд ирүүлснээр хариу өгөх боломжтойг мөн хэллээ.
Энэ мэт үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараагддаг тул иргэд баталгаатай эсэхийг нягталж байж цааш нь түгээх нь зүйтэй юм.
М.Болорцэцэг.