Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны хүчин зүйлийн нөлөөгөөр цөлжилт хүрээгээ тэлж, ган, зудын давтамж ойртож, бэлчээрийн доройтол нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлж буй өнөөгийн нөхцөлд мал сүргийг байгалийн гэнэтийн гамшгаас хамгаалах, цаг үеийн байдал хүндэрсэн үед малын тоо толгойн хорогдолгүй давах, Монгол малын генетик нөөцийг хадгалах зорилгоор тодорхой хэмжээний нутаг дэвсгэрийг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалах шаардлагатай байдаг. Дээрх шаардлагад үндэслэн салбарын яамд, агентлаг, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачдыг оролцуулсан Ажлын хэсэг Ховд аймгийн Дарви сумын 110 мянган га бэлчээрт судалгаа хийж, аймаг дундын отрын бэлчээрийг шинээр тодорхойлжээ. Ийнхүү Ховд аймгийн Дарви сумын нутагт 105.2 мянган га газрыг Баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Баян нуруу” гэж нэрлэн хилийн цэсийг тогтоолоо. Дээрх отрын бүс нутгийн бэлчээрийн ургац зундаа нэг га-д хоёр центнер, өвөлдөө 1.36 центнер байх бөгөөд арваннэгдүгээр 15-наас дараа жилийн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл 1780 адуу, 1000 тэмээ, 1700 үхэр, 30 мянган хонь, 25 мянган ямаа буюу хонин толгойд шилжүүлбэл 68.1 мянган толгой мал бэлчээрлүүлэн өвөлжүүлж, хаваржуулах боломжтой юм байна.