Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхээс хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг завших хэргийг үйлдэж, үүний улмаас онц хэмжээний хохирол учирсан, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулжээ.
Тодруулбал, Д.Эрдэнэбат, С.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар төрийн албан ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 6.6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Мөн уг хэрэгт холбогдсон “Электрон системс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Батболдыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг завшиж, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учируулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 зааснаар долоон жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарт ногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн эдгээр этгээдүүдээ хуульд заасны дагуу тус бүр 278, 777 мянган төгрөгийг гаргуулахаар болжээ. Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 153.3-т заасны дагуу яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.