Хуш модны самар хил давуулахыг хориглосны дараа үүнтэй холбоотой зөрчил олон удаа гарсан. Тухайлбал, 2011 онд 27 вагон самар өмнөд хөрш рүү импортлогдсон явдал үүний тод баримт. Уг хэргийг гол зохион байгуулагч нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан нэгэн байсан юм. Төмөр замын цагдаагийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байсан Х.Амартүвшин гэдэг залуу хятадуудын гар хөл болж, хориглосон барааг нь хилээр гаргаж өгөхийн тулд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудад их хэмжээний хахууль өгсөн. Мөн Төмөр замынхан болон гаалийн ажилтнуудтай нийлж, 27 вагон самар хуурамч бүрдүүлэлтээр хилээр гаргасан аж. Ингэхдээ гаалийн ажилтнуудтай хуйвалдан гүний гаалийн бүрдүүлэлттэй хэмээн баримт үйлдэж, жонш гэж тэмдэглүүлсэн байдаг. Уг хэргийг анх Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаад цагдаа нарынх нь хахууль авсан үйлдлийг тусгаарлан шийдвэрлэж, ял шийтгэсэн билээ.
Харин хэргийн гол зохион байгуулагч Х.Амартүвшинг нэлээд удаан хугацаанд эрэн сурвалжилж байж олж саатуулан хэргийг нь шалгаж өнгөрсөн долоо хоногт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шийдвэрлэлээ. Энэ хэрэгт уг нь 20 хүн холбогдсон бөгөөд прокурорын шатанд зарим холбогдогчийнх нь үйлдлийг хэрэгсэхгүй болгож, долоон хүнийг шүүхэд шилжүүлсэн байна. Х.Амартүвшин, О.Эрдэнэ нарыг 2011 оны арванхоёрдугаар сарын 3 болон 2012 оны нэгдүгээр сарын 5-нд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 27 вагон хуш модны самрыг Замын-Үүд боомтоор нэвтр үүлж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг нар Х.Амарт үвшинд хуурамч бүрд үүлэлт хийж өгсөн, Төмөр замын удирдах газрын ажилтан Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нар вагоныг нь бэлтгэсэн хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх энэ хэргийг хоёр өдрийн турш хэлэлцээд бусдад хахууль өгсөн, хориглосон эд зүйл хууль бусаар зохион байгуулалттайгаар онц их хэмжээгээр хил нэвтрүүлсэн нь тогтоогдсон хэмээн Х.Амартүвшинд чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр болжээ.
Шүүгдэгч О.Эрдэнийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт мөн хугацаагаар хорих шийдвэрлэв. Харин гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасаж, хоёр жилийн хугацаагаар, Төмөр замын удирдах газрын ажилтан Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарыг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд мөн хугацаагаар ял эдлүүлэхээр шийтгэж, тэдний хувийн байдлыг харгалзан 1-2 жил тэнсэн харгалзахаар болов.
Г.РАВЖАА