- Хар тамхи борлуулж, хэрэглэдэг хоёр ч бүлгийг баривчиллаа-
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс энэ сарын 21-22-нд шилжих шөнө хоёр ч газарт тусгай ажиллагаа явуулж, мансуурагчдыг үйлдэл дээр нь дайчлан баривчиллаа. Нийслэлийн Баянгол дүүргийн III хороо буюу төмөр замын орон сууцнуудын дунд орших нэгэн зочид буудлын өрөөг 21-ний үдэш долоон хүн хөлслөн оржээ. Тэдний дөрөв нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байсан гэнэ. Ингэж ороод мансууруулах бодисоо борлуулан, худалдаж авцгаан хэрэглэж байх үед дээрх хэлтсийн ажилтнууд очсон байна. Үйлдэл дээрээ баригдсан залуусыг сэжигтнээр тооцон тухайн үед нь тайлбар аваад, ШШГЕГын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. ЗБГХТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр дээрх долоон хүн “ice” гэж нэрлэгддэг, нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис худалдан авч, хэрэглэж байсан бөгөөд мөрдөгчид тэднээс хэд хэдэн жижиг уутанд савласан мөс хэлбэрийн бодис, мансууруулах бодисоо хэрэглэдэг гаанс, электрон жин гээд хэд хэдэн нотлох баримт хураан авсан байна. Түүгээр ч зогсохгүй тусгай зориулалтын тестээр тэднээс сорил авахад бүгдээрээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон аж. Өдгөө хууль хяналтын байгууллагынхан ШШҮХ-гийн алба хаагчидтай хамтран цуснаас нь дээж авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нарийвчлан тогтоохоор ажиллаж буй юм.
Бидэнд олдсон мэдээллээр А, Б, Э, Ж, Т гэх 23-31 насны долоон хүний нэг Ж өмнө нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан мансууруулах бодис олж авч хэрэглэсэн, худалдсан хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаад суллагдсан юм байна. Түүнийг өдгөө мөрдөн байцаах байгууллагаас давтан үйлдлээр хар тамхи олж авч борлуулсан, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцоод буй гэсэн. Хэрэв түүний гэм буруутай нь шүүхээр нотлогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна. Харин бусдыг нь 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл заалтаар сэжигтнээр тооцсон аж. Мансуурагч дээрх долоон хүний нэг 23 настай эмэгтэй нь өдгөө нэг ой гаруй насны хүүхэдтэй гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд хэллээ. Үүнтэй зэрэгцээд Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах бас нэгэн зочид буудалд хар тамхичид орогнож байсныг ЗБГХТГ-ын дээрх хэлтсийн ажилтнууд дайчлан баривчилсан юм. Тэдний гурав нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй гэнэ. Тэд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал болох каннабис хэрэглэж байжээ.
Каннабис нь Дархан, Сэлэнгийн бүсэд голдуу ургадаг учраас хойд талын аймгуудын хууль хяналтын байгууллагынхан, ЗБГХТГ-ын ажилтнуудтай хамтран жил бүр устгадаг юм. Гэвч бүрэн гүйцэд устгаж чадахгүй, тархацыг нь тогтоох боломжгүй учраас өвс татагчид ямар нэгэн байдлаар олж авсаар байгаа бололтой. Цагаан тахал хэмээн нэрлэгдэж дэлхий нийтийг түгшээгээд байгаа хар тамхины хэрэглээ манай улсад нэмэгдэх хандлагатай байгааг төрийн бус байгууллагынхан хэлдэг. Харин хууль хяналтын байгууллагынхан түгшүүр төрүүлэх үйц хэмжээнд очоогүй ч анхаарлаасаа гаргаж болохгүй хэмээж байгаа. Хэдийгээр дээрх хоёр тохиолдол хоорондоо уялдаа холбоогүй ч хар тамхины нууц хэрэглээ далд байдалд өсөн нэмэгдэж, зохион байгуулалтад орж байгааг илтгэх бус уу. Баянгол дүүргээс баригдсан долоон хүний хэрэглэж байсан “мөс”-ийг манай улсад боловсруулдагг үй. Хилээр хууль бусаар оруулж ирэн худалдаалж байгаа нь ойлгомжтой. Хэн улсын хилээр түүнийг нууж оруулж ирж байгааг тогтоох, тэдний сүлжээг илрүүлэхийн тулд ЗБГХТГын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн арга хэмжээ авч байгаа. Гэвч прокурорын байгууллагын шатанд очоод хар тамхи хилээр оруулж ирсэн хүмүүсийн зарим хэрэг замхарч, сураггүй болсон явдал бий.
Мансууруулах үйлчилгээтэй мөс хилээр оруулж ирж, худалддаг сүлжээ манайд нарийн зохион байгуулалтад орсон, өмнөд хөршийнхөн манай иргэдтэй холбогдож, борлуулдаг гэх ам дамжсан яриа байдаг ч төдийлэн батлагдахгүй байгаа. ЗБГХТГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст есдүгээр сарын байдлаар 20 гаруй холбогдогчтой долоон хэрэг шалгаж байгаа гэх юм билээ. Тэдгээрийн цөөнгүй нь “мөс” олж авч хэрэглэсэн хэрэг байгаа нь хил, гаалийн байгууллага хараа хяналтаа чангатгах, танил талаа шалгалгүй нэвтрүүлэх явдлаа зогсоох шаардлагатай байгааг илтгэх бус уу.
Г.РАВЖАА