“Оюутолгой” төслийн 4.9 тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссанаа “Turquoise Hill Resources” компани өчигдөр мэдэгдлээ. Шинэчилсэн ТЭЗҮ-ийг 2014 оны нөөцийн түвшинд, мөн уурхайг ашиглах хугацаанд гэсэн хоёр нөхцөлөөр тооцсон байна. Өдгөө “Оюутолгой” компанийн ТУЗ-д хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд шинэчилсэн ТЭЗҮ-ийг ТУЗ баталсан тохиолдолд Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлд танилцуулах юм. Мөн төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад дутуу төлсөн гэх 127 сая ам.долларыг ойролцоогоор 30 сая ам.доллар болгон бууруулсан тухай тогтоолыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс “Оюутолгой” компанид хүргүүлсэн байна. Үүнд компани таатай байгаагаа илэрхийлээд “Нэмж тодруулах зүйлс байгаа тул Монголын Татварын ерөнхий газартай хамтран ажиллана” хэмээн мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр “Оюутолгой” компанид хүрг үүлсэн татварын акт Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанийн хооронд нэмж асуудал үүсгээд байсан юм. Үүнээс гадна хэд хэдэн асуудлын улмаас хөрөнгө оруулагч тал далд уурхайн ТЭЗҮ танилцуулах хугацаагаа хойшлуулсаар байсан билээ. Өчигдөр Торонтогийн хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш 1.9 хувиар хямдарч, 4.12 канад долларын түвшинд хүрчээ. Гэхдээ үнэт цаасных нь ханш өсөх магадлал өндөр байгааг шинжээчид тодотгож байна. Одоо Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto” компани уурхайн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх л үлдээд буй.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ