Нийслэлийн хэмжээнд усан халаалтын зуухнаас халаалт авдаг 300 орчим сургууль, цэцэрлэг бий. Тэд агаарын бохирдолд өөрийн “хувь нэмэр”-ээ оруулаад эхэлчихсэн. Харин улсын тэргүүний “Баянзүрх” цогцолбор сургуулийн уурын зуух агаар шүүгчтэй болжээ. Тус уурын зууханд сарын өмнө агаар шүүгч суурилуулж, нүүрс түлж эхэлсэн байна. Биднийг өчигдөр очиход нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд хэмжилт хийж байлаа. Юутай ч агаар шүүгчийн яндангаас нүдэнд үзэгдэх утаа униар гэх юм гарсангүй. Тус агаар шүүгчийг “MES” компанийн хамт олон Японы “Ако” компанитай хамтран оруулж ирж, монгол инженерүүд өөрсдөө угсарч, суурилуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран энэхүү туршилтыг хийж байгаа юм байна. “MES” компанийн төслийн менежер У.Солонго “Хөгжингүй орнууд ихэвчлэн ийм агаар шүүгч хэрэглэдэг.
Манай улсад анх удаа усан халаалтын системд суурилуулсан агаар шүүгч туршиж байна. Энэ нь агаарын бохирдол, тоос тоосонцрын хэмжээг 99 хувь бууруулдаг нь батлагдсан. Цаашлаад цахилгаан станцууд агаар шүүгч тавьж эхэлбэл агаарын бохирдол мэдэгдэхүйц буурна” гэлээ. “Баянзүрх” цогцолбор сургууль нь өвөл долоо хоногт 20 тонн нүүрс түлдэг тул сургуулийн гаднах талбай нь бүхэлдээ хөө тортогт дарагддаг аж. Цэвэрлэгчид нь хог биш хөө шүүрддэг талаар тус сургуулийн захирал Ч.Чинчулуун учирласан. Баянзүрх дүүргийн VIII, XII хорооны 1200 орчим хүүхэд энэ сургуульд сурдаг. Тэд сурах, тоглох талбай нь энэ өвөл хар хөөнд дарагдахгүй, амьсгалах агаар нь цэвэршиж байгаад баярлаж буйгаа нь илэрхийлсэн. Агаарын бохирдлын 50 орчим хувийг гэр хорооллын айл өрх, 25 хувь нь автомашин, таван хувь нь цахилгаан станц, үлдсэнийг нь халаалтын зуухнаас гарч буй утаа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хаягдал утаанд хэмжилт хийхэд тоос тоосонцор, угаарын хий стандарт хэмжээнээс их байсныг нийслэлийн Агаарын чанарын албаны суурин эх үүсвэрийн хэмжилт хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал онцоллоо.

Ч.БОЛОРТУЯА