Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тулгамдаад байгаа Барилгын салбарын эргэн тойрон дахь асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Манай улсын хэмжээнд төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй 1342 барилгуудад өнгөрсөн оноос хяналт шалгалт хийгдэж эхэлсэн. Эдгээрээс 242 сургууль буюу 36,9 хувь нь сурах орчин болоод чанарын стандарт хангахгүй байгаа. Түүнчлэн Соёл урлагийн их сургуулийн хичээлийн төв байрны барилга бэхэлгээ муу байгаа бөгөөд Гадаад хэлний дээд сургууль, Монгол улсын багшийн их сургуулийн Г байр, ШУТИС-ын хичээлийн хоёрдугаар байр гэх мэт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд орсон байна. Тиймээс Барилгын чанарын стандарт хангаагүй газруудын үйл ажиллагааг яаралтай зогсоох шаардлагатай гэсэн шийдвэрийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргаад байгаа юм.
Харин төрийн өмчит 686 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 251 буюу 36,5 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх ажил явуулахад барилга нь хангалтгүй байгаа юм байна. Мөн улсын хэмжээнд 532 барилга эмнэлэгийн зориулалттай ажиллаж байгаагийн 161 нь чанарын стандартад нийцэхгүй, зориулалтын бус байна гэсэн судалгааг гаргажээ. 1952 онд Дуурь бүжгийн эрдмийн театр,, 1958 онд Улсын драмын театр, 1932 онд Цэргийн эрдмийн дуу бүжгийн чуулга тус тус баригдаж байсан бөгөөд насжилт ихтэй дээрх мэт барилгад одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь аюултай. Энэ мэт барилгууд Монгол Улсын хэмжээнд маш их байгаа учир засвар шинэтгэл зайлшгүй хийх шаардлагатайг мэргэжилтнүүд дуулгалаа.
Мөн орон сууцны зориулалттай үйл ажиллагаа явуулдаг 3 мянган барилгын 10 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гэв. Хяналт шалгалтын нэгдсэн дүнгээр 150 барилгыг нэн дариу зогсоохоор холбогдох газруудад шаардлага хүргүүлээд байгаа юм байна. Одоогийн байдлаар 48 барилгын үйл ажиллагааг хаагаад байгаа аж.
Мэргэжлийн хяналтын газраас хийсэн энэхүү ажлын хүрээнд 15 шинэ цэцэрлэг, сургууль, 14 эмнэлэгийн барилга шинээр баригдаж ашиглалтанд оруулсан хэдий ч энэ нь хангалттай бус байгаа юм.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан барилгын асуудлаас гарахын тулд холбогдох яамд, агентлагууд хамтарч шат дараалалтай ажиллах цогц бодлого хэрэгжүүлж хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан барилгуудыг бий болгох хэрэгтэй байгааг онцоллоо.