Эрүүл мэндийн яам, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, “Мишээл групп” ХХК-тай хамтран “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ-ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ - 2014” үзэсгэлэнг энэ сарын 26-28-нд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг зохион байгуулах аж.
Түүнчлэн Монгол Улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, тусламж үйлчилгээг брэнджүүлэх зорилготой. Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, өөрсдийн нэвтрүүлж буй шинэ техник, технологи, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, харилцагчийг татах нөхцөл бололцоог бүрдүүлэх аж.
Харин“Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-аар эмнэлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ашиглалт, засвар үйлчилгээ, хяналт тохиргоо, эрүүл мэндийн мэдээллийн технологи, тухайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийн төлөв байдал, хөтөлбөрийн шинэчлэлтийн эрэлт хэрэгцээ, сургууль ба ажил олгогч нарын хамтын ажиллагаа, түүнийг тойрсон асуудлууд, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ.