Хэнтий аймгийн Цагдаагийн газраас аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, байгаль хамгаалах журмын болон тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор “Хяналт-1” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээний эхний хэсгийг өнгөрсөн даваа гаригт дүгнэжээ. Шалгалтын үед улсын үзлэг тооллогод оруулаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуу жолооч, хууль бусаар мод тээвэрлэсэн, хууль бус ан агнасан зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж хуулийн дагуу зохих арга хэмжээ авсан байна. Энэ үеэр хууль бусаар агнасан 28 тарвага, 53 загас, дөрвөн зээр, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн долоон шоо метр банз, балк зэргийг хурааж улсын орлого болгуулахаар холбогдох байгууллагад нь шилжүүлжээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 224 зөрчил илрүүлж, 668 хүнийг 10.2 сая төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохиролд нь 17.9 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан гэнэ. Өдгөө тус аймгийн Цагдаагийн газраас “Хяналт-2” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж буй аж.