Монголын нутгийн удирдлагын холбооны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Су.Батболд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг холбоо нь Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэн, хөгжүүлж бэхжүүлэх, нутгийн захиргааны болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 1994 онд анх байгуулагджээ. Тус холбоо 20 жилийнхээ ойн хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран энэ сарын 26-нд “Нутгийн удирдлагын хөгжлийн хандлага” сэдэвт хэлэлцүүлэг ярилцлагыг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг хандлага, УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хэрхэн өөрчлөх боломжтой вэ гэдэг гурван үндсэн асуудлыг хөндөн ярилцах ажээ. Төрийн ордонд болох энэхүү хэлэлцүүлэгт орон нутаг, нийслэлийн 250 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
Энэ талаар Су.Батболд гишүүн хэлэхдээ "Манай холбоо нь ардчиллыг бэхжүүлэх, орон нутаг дахь улстөрчдийг бэлтгэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ болон Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэх, бие даасан байдлыг хангах, санхүү, төсөв, боловсон хүчний талаар эрх мэдэлтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг талаас төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг, нөгөө талаар Засгийн газрын сөрөг хүчин маягаар үйл ажиллагаа явуулдаг" гэлээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эл холбоо нь зургаан удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллагсдыг сургаж, дадлагажуулах, нийтлэг эрх ашгийг нь хамгаалах, мэргэшүүлж дадлагажуулсан байна. Түүнчлэн хамтын ажиллагааны үр дүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.