Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Сүхбаатар аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын ЗДТГ хамтран, Эрдэнэцагаан суманд үзэмчин хонины баяр зохион байгуулжээ. Энэ үеэр үзэмчин хонины үзэсгэлэн, худалдаа гаргахад 19 аж ахуйн нэгж, малчид 80 гаруй хониор оролцсон байна. Эдгээрээс 99.6 кг жин татсан бүдүүн хуц, 75.5 кг жинтэй төлгөн хуц, 77 кг эм хонь, 62 кг охин төлөг амьдын жингээр тэргүүлж, гойд ашиг шимт малаар тодорчээ. Дараагийн байрт орсон бүдүүн хуц 96.4, төлгөн хуц 73, эм хонь 73, охин төлөг 60 кг татсан аж. Тэгвэл хамгийн олон шилмэл малтай Г.Бөхчулуун, Ж.Болдсүрэн, Ц.Сүхээ нар цөм торгон сүрэгтэн өрхөөр шалгарчээ. Тэднийг “Цөм торгон сүрэгтэн” гэсэн бичиг бүхий гэрийн цагаан бүрээсээр мялаасан байна.
Тус аймгийн сум бүр Орон нутаг хөгжүүлэх сангаас таван сая төгрөг гарган, үзэмчин үүлдрийн 690 хурган хуц худалдан авч нутгийн монгол хонинд сайжруулагчаар ашиглаж байгаа аж. Цаашид малчдыг мэргэжлийн байгууллагын удирдлаган дор үзэмчин үүлдрийн хуцаар хангах гэнэ.
Эрдэнэцагаан сум өнгөрсөн жил богийн хээлтүүлэгчийг мал эмнэлгийн мэдэлд шилжүүлж, гүний худаг гарган, 15 га газрыг өвөл, хаврын бэлчээр болгон өгч, хуц маллагчийн цалинг Орон нутаг хөгжүүлэх сангаас олгодог болжээ.