Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутгаас иргэд мана түүж, ченжүүдэд худалддаг. Ченжүүд иргэдээс чулуунуудыг жинлэн авч, БНХАУ руу гаргадаг аж. Иргэд газрын хөрсөн дээр ил байгаа чулууг түүдэг учраас цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль хамгаалагчийн хэн нь ч тэдэнд хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэслэл байгаагүй аж. Тэгвэл сүүлийн үед иргэд газрын хөрс сэндийчин, чулуу хайж эхэлжээ.
Энэ нь байгаль орчинд халтай тул тус аймгийн Цагдаагийн хэлтэс чулуу олборлож байгаа иргэдийг тарааж, тухайн газрыг хяналтдаа авсан байна. Чулуу түүж байгаад саатуулагдсан долоон хүнийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шалгаад нэг сая төгрөгөөр торгосон байна.