“Гинжийг тасла” хүний наймааны эсрэг нөлөөллийн гүйлт есдүгээр сарын 27-ны өдөр болох юм. Энэхүү гүйлтээр хүний наймаа хүчирхийлэлд өртөж байсан, ил гарч чадахгүй дотороо шаналж яваа тэр л хүмүүсийн сэтгэлийн хүлээсийг тайлж, энэхүү тэвчишгүй хэргийн эсрэг олон зуун залуус нэгдэн “Хүний наймааг хамтдаа зогсоож чадна” гэдгийг гүйж тунхаглахыг “Лантуун дохио төрийн бус байгууллага”-ын тэргүүн Ч.Ганжавхлан онцоллоо.
Нөлөөллийн гүйлт нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” ба “Олон нийт” гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд 50 наснаас дээш, 50 наснаас доош, эрэгтэй, эмэгтэй зэрэг үзүүлэлтээр 30 орчим оролцогчдод медаль, мөнгөн шагнал гардуулах юм. Гүйлтийн үеэр хууль зүйн үнэгүй зөвөлгөө, сэтгэл зүйн тестийг явуулах зэрэг олон үйл ажиллагаа зохиох аж. Мөн “Хүний наймааны эсрэг ТББ”-ын сүлжээний гишүүд мансууруулах бодис, хүний наймаа хүчирхийлэл, хүүхдийн эрхийн сэдвээр үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл тараах, НҮБ-ын санаачилсан хүний наймааны эсрэг “Хөх Зүрх”-ний аяны нээлт болон олон сонирхолтой үзүүлбэрүүд явагдах юм. Энэ үеэр Дүнжингаравын призерээс маршалын уулзвар хүртэлх замыг дөрвөн цагын хугацаанд хаах аж.
М.Болорцэцэг
