Улирч буй сард уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлуудыг салбарын сайд Д.Ганхуяг өчигдөр тоймлон танилцуулав. Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулж дууссанаа “Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-н ТУЗ-д хүлээлгэн өгсөн тухай бид мэдээлсэн. Тэгвэл ирэх сарын 2-нд “Оюутолгой”-н ТУЗ хуралдаж, эл асуудлыг хэлэлцэх болсныг Д.Ганхуяг сайд энэ үеэр тодотголоо. ТУЗ-ийн шийдвэр гарсны дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэх юм байна. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг энэ сарын 18-нд Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтжээ. Энэ салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх эрх зүйн цогц орчин бүрдсэнээр авлига, хууль бус төлбөр хураамж өгч, авдаг зохисгүй хандлага буурах, олборлогч компаниудын үйл ажиллагаанд олон нийт хяналт тавих, компаниудын ашигтай ажиллагаа нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт төлдөг татвар, хураамж, орлого нэмэгдэх хүлээлттэй байгаа юм байна. Түүнчлэн Засгийн газрын мөн өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцжээ. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг 83350 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасан аж. Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 802.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Эрдэс баялгийн экспортын хэмжээ мөн өссөн дүнтэй байна. Тодруулбал, нүүрсний экспорт 27.6 хувиар өсөж, 12.2 сая тонн, газрын тос 45.5 хувиар нэмэгдэн 4.4 сая баррельд хүрсэн бол зэсийн баяжмалын экспорт бүр хоёр дахин өссөн гэнэ. Энэ хугацаанд 844.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ долоон тоннд хүрээд байгааг Уул уурхайн сайд онцоллоо.
Б.ЦЭЦЭГСҮРЭН