Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл нь энэ жил найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Уг зөвлөл нь орон нутгийн хүүхдийн төлөөлөл болох 20 гишүүнтэй бөгөөд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн чуулганаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, хүүхдийн дунд тохиолдож байгаа тулгамдсан асуудлыг тодорхойлж, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, шийдвэр гаргагчдад танилцуулж шийдвэрлүүлэх, ХӨУБ-уудад арга зүйн зөвлөгөө өгөх, тусламж шаардлагатай хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлдэг юм.
Тус зөвлөл есдүгээр сарын 21-ний өдөр энэ хичээлийн жилийн анхны хурлыг зохион байгуулж, хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжил, оролцоо, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа гэсэн дөрвөн салбар хэсэгтэй ажиллахаар боллоо. Уг хурлаар 2014-2015 оны хичээлийн жилд ажиллах гишүүдийг хэлэлцэн баталсан аж. Нэгдсэн зөвлөлийн даргаар “Эрдмийн гэгээ” сургуулийн 12б ангийн сурагч Б.Пүрэвжав сонгогдон ажиллахаар болсон байна.